Налайх Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал, БНСУ-ын Сөүл хот дахь СОН-Э эмнэлгийн дарга Шим Сан Жүн нар өнөөдөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг харилцан хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Гэрээний нөхцөлд:
1. Эмч эмнэлгийн мэргэжилтэн солилцох, урт болон богино хугацааны сургалтанд биечлэн хамруулах, онлайн сургалт, үзлэг зөвлөгөөг өгөх
2.Харилцан өвчтөн солилцох, өвчтөнийг оношлох ба эмчлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж түүнчлэн нарийн мэс засал шаардлагатай тохиолдолд харилцан хамтран ажиллах, шаардлагатай өвчтөнийг удаан хугацаагаар эмчийн хяналтанд байлгах, эмчилгээг үргэлжлүүлэх
3. Шинжилгээний сорьц ба шинжилгээний хариуг илгээх, өвчтөний талаар лавлах, шинжилгээний сорьцыг хамгийн шуурхай шинжилж, оношлон хариу ба дүгнэлтийг хурдан илгээж, өвчтөний эмчилгээнд дэмжлэг үзүүлэх
4. Эмнэлгийн сурталчилгаа ба харилцан туслалцаа, хоёр эмнэлгийг мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан байнгын болон байнгын бус сурталчилахад дэмжлэг үзүүлэх
5. Налайх Эрүүл мэндийн төвөөс илгээсэн өвчтөнд хөнгөлөлт үзүүлэх
6. БНСУ-ын төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа… зэрэгт хамтран ажиллахаар тусгагджээ.

Тус үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон албаны бусад зочид, төлөөлөгчид оролцлоо.

Энэхүү гэрээний зорилго нь хоёр эмнэлэг хооронд эмчилгээ, оношилгооны хувьд хамтран ажиллах тогтолцоог бүрэлдүүлж, харилцан туслалцан иргэдийн эрүүл мэнд, эмчилгээний чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршиж буй юм.

Энэ удаагийн гэрээ нь БНСУ-ын эмнэлэгүүдтэй хамтран ажиллах, харилцан туршлага солилцохоор байгуулж буй 4 дэх гэрээ юм.