Иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүргэх чухал нэгж бол өрхийн эрүүл мэндийн төв юм. Тиймээс ӨЭМТ-ийн тоног төхөөрөмжийг сайжруулах, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах үйл ажиллагааг сайжруулах үүднээс тоног төхөөрөмж олгож байна. Налайх дүүргийн 7 хорооны 4 өрхийн эрүүл мэндийн төвд тус бүр 3-4 нэр төрлийн буюу 26 сая төгрөгний үнийн дүн бүхий 15 нэр төрлийн тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Тус үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, Засаг дарга Ч.Раднаабазар, НИТХ-ын Захиргаа, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил нарын албаны зочид оролцон, эрүүл мэнд, нийгмийн чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлаа товч танилцуулан ӨЭМТ-үүдийн төлөөлөлд тоног төхөөрөмжүүдийг гардууллаа. Нярайн шарлага хэмждэг аппарат, иж бүрэн компьютер, судас тодруулагч, зүрхний бичлэгийн аппарат зэрэг чухал шаардлагатай багаж хэрэгслээр өрхийн эрүүл мэндийн төвүүд хангагдсанаар иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг чанартай хүргэх үйл ажиллагаа улам сайжрах юм.