ДЭМБ-аас жил бүрийн 9 сарын 17-ны өдрийг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Тус өдрийн энэ жил “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэхүү өдрөөр Налайх Эрүүл мэндийн төв нь нээлттэй хаалганы өдөрлөгийг 2019.09.19-ний өдөр Дүүргийн Соёл урлагын ордоны өмнөх талбайд зохион байгуулж, иргэд, үйлчлүүлэгч нарт үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ үзлэг хийж, зөвлөгөө өглөө.

Өдөрлөгийн хүрээнд дотрын эмч 87 иргэнд үзлэг хийж, 68 иргэний биеийн жин өндөр үзэж биеийн жингийн индексийг тодорхойлсон бол 91 иргэний цусан дахь сахарын хэмжээг тодорхойлж, үзлэгийн үеэр цусан дахь сахарын хэмжээ ихэссэн иргэнд холбогдох эмчилгээ, үйлчилгээг үзүүлсэн.

Түүнчлэн эм зүйн хэсэг “Эмийн зохистой хэрэглээ” сэдвээр 500 хүнд, “Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдвийн хүрээнд 6 төрлийн 150 ширхэг гарын авлага, Сайн дурын зөвлөгөө өгөх явуулын кабинет 53 иргэнд сургалт, сурталчилгааны материал, бэлгэвч тарааж ДОХ, тэмбүүгийн түргэвчилсэн тестээр шинжилгээ хийсэн зэрэг нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр 950 орчим хүнд мэдээлэл, зөвлөгөө өгч, эмнэлгийн тусламж үйлчилгээг нэг дор хүргэснээрээ тус өдөрлөг ач холбогдолтой болж өндөрлөлөө.