Жил бүрийн намар хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан төрийн болон хувийн цэцэрлэгт суралцахаас үл хамааран хүүхдүүд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдах даалгавартай байдаг.
Налайх дүүргийн хувьд гэхэд л энэ жил төрийн болон хувийн 17 цэцэрлэгийн нийт 2190 гаруй хүүхдүүд суралцах урьдчилсан судалгаа гарсан.
Урьд жилүүдэд шинжилгээ өгөх хүүхэд, эцэг ихийн урт цуваа хэдэн өдөр үргэлжилж, ачаалал, маргааныг үүсгэдэг байсныг өмнөх жилээс эхлэн зохион байгуулалт хийж хуваарийн дагуу шинжилгээг авдаг болсон. Гэвч энэ жилийн хувьд “Ковид-19” халдвараас үүдэн илүү хянамгай, сайн зохион байгуулалтыг хийх, мөн олон хүнийг нэг дор удаан хугацаагаар цугларуулахгүй байх үүднээс шинжилгээг цэцэрлэг тус бүрээр цагийн хуваарь гаргаж, гурван өдөр авахаар бэлтгэл хангаж байна.
Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд 2020-2021 оны хичээлийн жилд цэцэрлэгт шинээр элсэн орох болон өмнө нь цэцэрлэгт суралцаж байсан хүүхдүүд асран хамгаалагчдын хамт 2020 оны 08 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд хуваарийн дагуу 09:00-18:00 цагийн хооронд дүүргийн Лаборатори 119 дүгээр сургуульд очиж, хамрагдах юм.
Хэрэв хуваарьт өдрөө өгөхгүй хугацаанаасаа хоцорсон тохиолдолд шинжилгээг дахин авах боломжгүйг анхааруулж байна.
Шинжилгээний хариу болон эмчийн үзлэгийн нэгдсэн дүгнэлтийг цэцэрлэг тус бүрийн анги хариуцсан багш нарт хүлээлгэн өгөх юм. Шаардлагатай мэдээллийг харъяаллын дагуу цэцэрлэгийн эрхлэгч, багш нар эцэг эхчүүдэд мэдээллэх зэрэг зохион байгуулалтыг хийхээр тогтоод байна.
👨‍⚕️👩‍⚕️Үзлэг, шинжилгээндээ хамрагдахдаа:
👉Эцэг эхчүүд дараахи хуваарийн дагуу ЛАБОРАТОРИ 119 дүгээр сургуулийн 1-р давхарт ирж, арьс өнгө, дотор, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шээсний болон цагаан хорхой илрүүлэх шинжилгээнүүдэд бүрэн хамрагдах
👉Эцэг эхчүүд болон хүүхдүүд бүгд амны хаалтаа зүүж, улавч өмссөн байх
👉Хүүхдийнхээ урьдчилан сэргийлэх үзлэгийн хуудсыг харьяа ӨЭМТ-өөс урьдчилан авсан байх.
👉Шээсийг зориулалтын шинжилгээний саванд хийн, битүүмжилж эмч, эмнэлгийн ажилтанд хүлээлгэж өгөх. /100-150 мл шээс/
👉Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн шаардлагыг биелүүлэх, бусдад хүндэтгэлтэй хандаж, хүлээцтэй байх.