Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургуулилт улсын хэмжээнд хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа билээ.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд өнөөдөр “Яармаг-100”, “Яармаг-300” эмнэлэг дэлгэх дадлага сургуулилт болж буйтай холбогдуулан Налайх ЭМТ-ийн ЭМТҮХОрлогч Л.Ариунаа, САДарга Ч.Болормаа нараар ахлуулсан бүх тасаг, нэгжийн эрхлэгч, ахлах сувилагч, бага эмч нараас бүрдсэн баг өндөржүүлсэн бэлэн байдалд зохион байгуулагдаж байгаа дадлага, сургуулилтын зохион байгуулалтын явц, байгууллага хоорондын уялдаа холбоо, үйл ажиллагаатай танилцаж, эрсдэлт нөхцөл байдал үүсэхэд хэрхэн ажиллах талаар туршлага судлалаа.
Дадлага сургуулилтаар “Ковид-19” халдварт цар тахлын үед үзүүлэх тусламж үйлчилгээ, үйл ажиллагааны төлөвлөлт, авч хэрэгжүүлэх арга хэмжээний зохион байгуулалт, эмч ажиллагсдын хуваарилалт, эмнэлгийн бэлэн байдлыг бодит жишээнд тулгуурлан үзүүлсэн нь онцлог байсан аж.
Мөн түүнчлэн үзлэг оношилгооны өрөө, эмчилгээний тасгуудаас гадна эм, эмнэлгийн хэрэгсэл, хүнсний нөөц, эмч ажиллагсдын хувцас өмсөх, солих болон амрах өрөө, ариутгал халдваргүйтгэл, лаборатори зэрэг шаардлагатай бүхий л зохион байгуулалтыг хийсэн байна.
Энэ ч утгаараа, халдварын үеийн нөхцөл байдалд өвчтөнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бодитоор нь үзүүлэх тус сургуулилтаар дамжуулан эмч, эмнэлгийн мэргэжилтэн хэрхэн өөрийгөө сэргийлэх арга барил, дадлагыг давхар эзэмшиж байгаа нь чухал ач холбогдолтой байсан байна.