Налайх ЭМТ нь шинэ коронавирусын халдварын нөхцөл байдалтай холбогдуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд дотоод нөөц бололцоогоо ашиглан 947 ширхэг амны хаалтыг оёж, мэс заслын ажилбараас бусад үед зүүх зорилгоор нийт эмч, сувилагч, жолооч, эмнэлгийн ажилтнуудынхаа амны хаалтын хэрэгцээг хангалаа.

Бид эхний ээлжинд ажилтан бүрт цагийн хуваарийн дагуу сольж зүүхээр 3 өнгийн 3 ширхэг амны хаалтыг олгоод байна. Энэхүү амны хаалт нь харьцангуй зузаавтар бөгөөд цэвэр хөвөн даавуун материалтай, нарийн резинэн оосортой учир цан цохиж чийгтэхгүй давуу талтай төдийгүй дахин хэрэглэх боломжтойгоороо онцлог юм.

Оёсон амны хаалт нь нэг удаагийн амны хаалтын нэгэн адил өдрийн туршид зүүж хэрэглэх боломжгүй, бохирлогдох учраас 2 цагийн зайтайгаар сольж зүүх бөгөөд тасаг, нэгжүүд ажилтныг амны хаалтаа угааж, индүүдэх аргаар ариутгаж, халдваргүйтгэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Нийт материалын өртөг нь 400,000 төгрөг болсон бол нэг амны хаалт 422 төгрөгөөр бүтсэн байна. Уг үйл ажиллагаанд ажлын ачааллыг нь харгалзан үзэж сувилагч, асрагч зэрэг нийт 14 ажилтан 6 дамжлагаар 3 өдөрт багтаан оёж дуусгаад байна.

Халдварын эрсдлийн улмаас улс, орон даяар амны хаалтын хэрэгцээ их, хомстол үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Дүүргийн Онцгой комиссоос амны хаалтыг дүүргийн аж ахуйн нэгж, үйлдвэрүүдтэй хамтран үйлдвэрлэх талаар өгсөн үүрэг даалгаврын хүрээнд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс 5 цахилгаан оёдлын машин, 1 хэрээсний машиныг бидэнд өгснөөр тус ажлыг хийж гүйцэтгэлээ.

Эрсдэлтэй энэ цаг үед эрүүл мэндийн манаандаа өдөр шөнөгүй зогсож байгаа хамт олондоо, мөн дэмжин тусалж, хамтран ажиллаж байгаа байгууллагууд, дүүргийн удирдлага, онцгой комиссын баг бүрэлдэхүүнд талархал илэрхийлье.