Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон Налайх Эрүүл мэндийн төв хамтран Налайх дүүргийн дархлаажуулалтын “Сайн туршлага” чанарын өдөрлөгийг Багануур, Налайх, Багахангай дүүргийн Халдвар судлагч, Дархлаажуулалт хариуцсан эмч, вакцинатор сувилагч нарыг хамруулан өнөөдөр зохион байгууллаа.

Өдөрлөгийн нээлтэнд ЭМТ-ийн дарга Л.Байгал, НЭМГ-ын эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанарын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Энхжаргал, НЭМГ-ын дархлаажуулалт, тарилгат халдварт өвчний тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ж.Энхцэцэг нар оролцож үг хэллээ.

Өмнөх онд НЭМГ-аас Дүүргүүдийн дархлаажуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг хяналт хийхэд Налайх дүүргийн 0-5 насны хүүхдийн дархлаажуулалтын хамрагдалт 98,8 хувьтай дүгнэгдсэн ба 1, 7 хорооны “Нарны-Эрч” ӨЭМТ-ийн дархлаажуулалтын хэсэг нь вакцины чанар, аюулгүй байдалд анхаарч зорилтот хүүхдүүдийг вакцинд бүрэн хамруулах ажлын зохион байгуулалт, хүрч үйлчилдэг аргачлал, бичиг баримт хөтлөлт зэрэг нь сайн дүгнэгдсэн юм.

Тиймээс туршлага судлуулах тус үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд зүүн гурван дүүргийн ЭМТ-ийн болон ӨЭМТ-ийн 25 эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцож, Налайх дүүргийн “Нарны эрч” ӨЭМТ-ийн дархлаажуулалтын нэгжийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа.

Мөн өдөрлөгийн хүрээнд “Дархлаажуулалтын тусламж үйлчилгээтэй холбоотой эрсдэл, түүнд авах арга хэмжээ” сэдвээр НЭМГ-ын эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанарын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Энхжаргал “Дархлаажуулалтын дараах урвал хүндрэлээс сэргийлэх” сэдвээр НЭМГ-ын дархлаажуулалт, тарилгат халдварт өвчний тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ж.Энхцэцэг нар хичээл зааж, “Нарны эрч ӨЭМТ-ийн дарга Б.Батсайхан байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулж, дархлаажуулалтын зохион байгуулалтын үйл ажиллагаа” сэдвээр вакцинатор сувилагч Б.Гадиймаа мэдээлэл хүргэж туршлагаа хуваалцлаа.

Тус өдөрлөгт оролцогчид дархлаажуулалтын нэгжийн чанарын үзүүлэлтийг сайжруулах, аюулгүй дархлаажуулалт хийгдэх, дархлаажуулалтын үеийн эрсдлийн үнэлгээг тухай бүрт хийхэд суралцсан юм.