Аливаа осол гэмтэл, гэнэтийн биеийн хямралын үед эмнэлгийн тусламжийг өөртөө болон бусдад үзүүлэх анхны тусламжийн мэдлэг олгох зорилгоор “Угаарын хийн хурц хордлогын үед авах арга хэмжээ” сургалт энэ сарын 24-ний өдөр зохион байгуулагдлаа.
Сургалтыг Түргэн тусламжийн амилуулах нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дарга С.Ариунболд, ЭМЯ-ны Амьлуулах суурь тусламжийн үндэсний сургагч багш Б.Батзул нар зааж, Налайх ЭМТ-ийн болон ӨЭМТ-ийн эмч, сувилагч, дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд 76 хүн оролцож, мэдлэгээ нэмэгдүүллээ.
Сургалтын агуулгад эрүүл, эмгэг үеийн онцлог шинж тэмдгүүд, зүрх амьсгал зогссоныг тодорхойлох аргууд, амьсгалын зам чөлөөлөлт, хахах үеийн тусламж, аминд осолтой эмгэг байдлын анхны тусламж, эм химийн бодисын хордлого, нүүрсхүчлийн дутуу исэл /угаарын хий/-ийн хурц хордлого, түлэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх, үзүүлэх тусламж, гадаад орчны нөлөөт эмгэгийн үед үзүүлэх анхны тусламж, осол гэмтлийн үеийн тээвэрлэх зарчим, эрэмбэлэн ангилалт, хэлбэрүүд зэрэг сэдвүүд багтаж, энэ хүрээнд анхан шатны тусламжийн мэдлэг олгож, чадавхжуулсанаараа онцлог боллоо.