Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв үүсэн байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баярын хурал өнөөдөр боллоо.

Манай хамт олны эмнэлгийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх, эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн он жилүүдээ дурсаж, ололт амжилтаа дүгнэж буй тус арга хэмжээнд ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Налайх дүүргийн Засаг дарга Р.Раднаабазар, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал болон бусад зочид төлөөлөгчид, тус эмнэлгийн үе үеийн ахмадууд, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд 600 гаруй хүн оролцсон юм.

Монгол Улсын анхны хүн эмнэлгийн салбарын ууган байгууллагын нэг болох Налайх дүүргийн эмнэлэг нь анх Дотоод явдлын яамны Хүн эмнэлгийн хэлтсийн даргын 1924 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 23 тоот тушаалын дагуу орос бага эмч, сувилагч, асрагч гэсэн гурван орон тоотойгоор ажиллаж эхэлсэн түүхтэй.

Өнөөгийн Налайх ЭМТ нь Эмнэлгийн тусламж үйлчилгээ, Стратеги төлөвлөлт гадаад харилцаа, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон Эмчилгээ чанар, Аж ахуй тоног төхөөрөмж, Сувилахуй, Хүний нөөцийн алба гэсэн 7 алба, 14 тасгийн зохион байгуулалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Анх 3 мэргэжилтэнтэй үүсгэн байгуулагдаж эхэлсэн түүхийн үргэлжлэл өнөөгийн эмнэлгийн үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойгоо амжилт, бүтээлээр дүүрэн угтаж байгаа манай эмнэлэг нь өдгөө 83 эмч, 103 сувилагч, 33 эмнэлгийн тусгай мэргэжилтэн, бусад дээд мэргэжилтэн 23, үйлчилгээний туслах ажилтан 94, нийт 336 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж буй бөгөөд дүүргийнхээ 7 хорооны 6989 өрхийн 37.000 гаруй иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Тухайлбал эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд, сэхээн амьдруулах, уламжлалт, сэргээн засах, халдварт сүрьеэ, яаралтай түргэн тусламж, дотор, мэдрэлийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээс гадна мэс засал, гэмтэл, хавдрын хөнгөвчлөх болон өдрийн хими эмчилгээ, гемодиализ, хүүхдийн мэс засал, цусны төв, 24 цагийн үйлчилгээтэй лаборатори, нярайн эмгэгийн тусламж, үйлчилгээг шинээр нэвтрүүлэн эмнэлгийн тусламж үйлчилгээгээ өргөжүүлэн ажиллаж байна.

Мөн тус төв нь 227 ортой бөгөөд жилдээ 7500 гаруй өвчтөнг хэвтүүлэн эмчилж, амбулаториор 36.500 орчим иргэнд эрүүл мэндийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг хүргэдэг бөгөөд “Амь-Эрдэнэ”, “Нарны эрч”, “Ачлал Налайх”, “Суварга Налайх” зэрэг Өрхийн эрүүл мэндийн төвийг мэргэжил арга зүйгээр ханган ажилладаг юм.

Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр хүний нөөцийг нэмэгдүүлж, Эрүүл мэндийн төвийн орчин нөхцлийг сайжруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр, төрлийг олшруулан иргэдэд үзүүлэх нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг ойртуулснаар лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулахад томоохон хувь нэмэр оруулж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж, БНСУ-ын долоон эмнэлэг, БНХАУ-ын Хөх хотын эмнэлгүүдэд эмч, мэргэжилтнүүдийг сургаж, чадавхижуулах, мэс засалд хамтарч оролцох зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах болон дотоод харилцаагаа ч мөн хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж буй юм.

Ийнхүү амжилт бүтээлээр дүүрэн түүхт ойгоо угтаж буй шилдэг хамт олны маань төлөөлөл эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд салбарын болоод нийслэл, дүүргийн ИТХ, ЗДТГ-ын хүндтэй шагналуудаар шагнагдасныг ЭМЯ, НЭМГ, Нийслэл, Дүүргийн удирдлагууд гардуулан өглөө.