Цагдаагийн Ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албанаас “Дураараа биш ээ, Дүрмээрээ” аяныг хоёр сарын хугацаанд өрнүүлж буй билээ.

Тус аяны хүрээнд энэ сарын 1-ний өдөр Налайх Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдэд замын хөдөлгөөний дүрэм болон замын хөдөлгөөнд соёлтой оролцох мэдээлэлийг хүргэж, хамт олноороо “Дураараа биш ээ, Дүрмээрээ” аянд нэгдлээ.

Мөн Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд санаачлан хүйтний улирал эхэлж халтиргаа, гулгаа үүсч байгаа энэ үед байгууллагынхаа захиргаа, амбулаториар үйлчлүүлэгчдэд болон ойролцоох авто замын дагуу хөдөлгөөнд оролцогч, явган зорчигч, иргэдэд зориулж осол, гэмтлээс сэргийлэх уриалга, жолоочийн сахилга хариуцлага болон автомашины хурд тохируулан зорчих санамж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөмж бүхий гарын авлагыг тарааж, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгууллаа.

Энэхүү аян нь Нийслэл хот, суурин газрын замын хөдөлгөөн эрчимжсэнтэй холбоотойгоор зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын сахилга хариуцлага, соёлыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй юм.

Иймд дүүргийнхээ бусад байгууллагуудыг тус аянд нэгдэхийг мөн ажилтан албан хаагч, иргэд та бүхнийг зам тээврийн осол, гэмтлээс өөрсдийгөө болон ойр дотны хүмүүсээ урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.