БНЭУ-ын буцалтгүй тусламжаар ДЭМБ-аас бүртгэсэн AstraZeneca вакциныг өнөөдөр манай улс хүлээн аваад байна.
Хуваарийн дагуу цар тахлын голомтод ажиллаж байгаа ажилтан албан хаагчдаасаа эхэлж вакцинжуулах төлөвлөгөөтэй бөгөөд маргаашаас албан ёсоор эхлэх юм.
Эхний ээлжид ДЭМБ-аас гаргасан вакцины зорилтот бүлэгт хийгдэнэ. Үүнд:
➡️Эрүүл мэндийн байгууллагын ажилтан
➡️Халдварын голомтод ажиллаж байгаа онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллагын ажилтан
➡️59 ба түүнээс дээш насны хүмүүс, архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэт дарааллаар хамрагдана.
Вакциныг үйлдвэрлэл, төрлөөс шалтгаалан тодорхой товлолоор хийдэг. Тухайлбал:AstraZeneca вакциныг 18-аас дээш насныханд 28 хоногийн зайтай 0,5 мл хоёр тунгаар хийх аж.
Халдварт өвчний эсрэг өвөрмөц дархлал үүсгэдэг бэлдмэлийг вакцин гэх ба халдварын эсрэг вакцин нь халдвараас сэргийлэх, тархалт, хүндрэл эндэгдлийг бууруулах зорилготой юм.