Шүд бол яс, мөгөөрс, булчин, шөрмөс, цус, мэдрэл агуулсан бие даасан эрхтэн юм. Шүдний өвчин даамжирсаар хоолойны ангина болж тэр нь хүндэрсээр үе мөч, зүрх, бөөр өвчлүүлдэг.
Эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар шүд цоорох өвчлөл нь хүүхдүүдийн дунд 95 орчим хувийн тархалттай байгаа бөгөөд сурагч өсвөр үеийнхэн төдийгүй насанд хүрэгчдийн дунд тохиолдож буй олон архаг өвчний суурь болж байна. Мөн иргэдийн дунд амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй, шүдээ зөв арчлах дадал заншил бүрэн төлөвшөөгүйн улмаас бага насны хүүхдийн шүд цоорох өвчлөл буурахгүй байгааг мэргэжилтнүүд хэлдэг.
Тэгвэл өсвөр үе, залуучуудад амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг, дадал эзэмшүүлэх зорилгоор Налайх дүүргийн ЗДТГазар, нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв, Эрүүл мэндийн төв хамтран улсын хэмжээнд анх удаа дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 9-12 настай сурагчдын дунд “ШҮД УГААЛТЫН АВАРГА” шалгаруулах анхдугаар тэмцээний 1-р үе шатыг 2019 оны 05 дугаар сарын 04-ний Бямба гаригт Налайх дүүргийн Лаборатои 119 дүгээр сургуулийн урлагийн зааланд зохион байгуулна.
Тэмцээн 2 үе шаттай зохион байгуулагдах ба нэгдүгээр үеэс шалгарсан баг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр болох хоёрдугаар шатанд оролцож, түрүүлсэн баг Тайвань улсад болох Тайвань Монголын хамтарсан “ШҮД УГААЛТЫН АВАРГА” шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм.