Бидэнд яагаад витамин Д хэрэгтэй вэ?

Д витамин нь хүний биед зайлшгүй хэрэгтэй 13 витамины нэг юм. Тус витамины талаар маш олон судалгаа, эрдэмтдийн нийтлэл байдаг бөгөөд манай оронд хийгдсэн судлагаагаар судлагаанд оролцогчдын 99% нь витамин Д – ийн дутагдалтай байсан байна. Д витамин нь ясны эрүүл байдлыг хадгалах, дархлааны урвалын хэвийн үйл ажиллагааг хангах, ханиад томуугаас урьдчилан сэргийлэх зэрэг ашиг тустай. Витамин Д нь бидний шүд болон яс, булчин дахь кальци, фосфорын солилцоог хянадаг. Хэвийндээ нарны туяанаас арьсаар дамжин бидний биед үүсдэг. Иймд намар болон өвлийн улиралд нарны гэрэл хомсдох үед витамин нь бага байдаг бөгөөд зөвхөн Их Британи улсад гэхэд л 5 хүн тутмын нэг нь тус витамины дутагдалтай байдаг байна. Англид хийгдсэн нэгэн судалгаагаар 65 сая хүн амын 70% нь жилд ямар нэгэн байдлаар нэгээс доошгүй удаа хурц амьсгалын замын халдварт өвчнөөр өвдсөн байна. Эдгээр хүмүүст өдрийн эсвэл долоо хоногийн тунт Д витаминыг нэмэлтээр хэрэглүүлэхэд 3,25 сая хүн амьсгалын замын хурц халдварт өвчнөөр өвдөх нь багасжээ. Мэдээж витамин Д нь зарим нэгэн хоол хүнсэнд агуулагддаг, гэвч идэж буй хоол хүнснээс витамин Д – г авахад хүндрэлтэй юм. Д витамин агуулдаг хоол хүнсэнд загасны тос, өндөгний шар, элэг, улаан мах болон бусад баяжуулсан бүтээгдэхүүн ордог. Бидний амьдралын хэв маягаас шалтгаалан ихэнх хүмүүс энэ витамины дутагдалтай хэдий ч үүнийгээ мэддэггүй. Яг л мөсөн уул шиг, ил харагдаж байгаа өчүүхэн хэсэг нь л бидэнд энэ витамин Д – ийн дутагдал мөн байна гэж мэдэгдэхүйц хэмжээний зовиур өгдөг бол далайн ёроолд байгаа нүдэнд харагдахгүй хэсэг шиг ихэнх хүмүүс Д витамины дутагдалтай явж байгаа эсэхээ ч мэдэхгүй. Тэгвэл бид цусны ийлдэснээс лабораторын шинжилгээ өгөн Д витамины хэмжээгээ тодорхойлуулах боломжтой.  Витамин Д – ийн хэмжээ ийлдсэнд 20 нг/мл-ээс (50нмоль/л) доош хэмжээтэй байхыг витамин Д-ын дутагдал гэж үздэг байна. Витамин Д дутагдсны улмаас ялангуяа бага насны хүүхдүүд рахит өвчнөөр өвддөг ингэснээр яс болон булчин нь зөөлөн сул болж, хэлбэр дүрсээ алдан өсөх явцдаа алдагдсан хэлбэрээрээ томордог. Харин насанд хүрэгчдэд энэ витамин дутагдснаар яс булчин өвдөх остеомалаци зэрэг өвчний шалтгаан болдог байна. Хүн бүр өдөр тутамдаа нарнаас эсвэл хоол хүнснээсээ 10 микрограмм буюу 400ЕД витамин Д авч байх ёстой боловч өдөр бүр авч чаддаг эсэх нь эргэлзээтэй тул 2016 оноос эхлэн эрдэмтэд яс болон булчингийн эрүүл байдлыг хадгалахын тулд өдөр бүр витамин Д нэмэлт бэлдмэл хэрэглэхийг зөвлөсөн байна. Манай орны хувьд өвлийн улирал хаяанд ирээд буй энэ цагт Д витамин нэмэлтээр хэрэглэж өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалахыг эмнэлгийн ажилчид бид уриалж байна. Үүнд:

  • 4 – ээс дээш насны хүн бүр өдөр бүр 10 микрограмм буюу 400ЕД витамин Д – г хүйтний улиралд 10 сараас 3 сар хүртэлх хугацаанд нэмэлт бэлдмэлээр авах хэрэгтэй.
  • Хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүд мөн эрсдэлтэй бүлгийнхэн (хар арьстай үндэстний цөөнхийн бүлгүүд, асрамжийн газар байдаг настай хүмүүс, ихэнх арьсаа бүрхсэн хувцас байнга өмсдөг хүмүүс) жилийн бүх улиралд 10 микрограммаар витамин Д – г өдөр бүр хэрэглэж байх ёстой.
  • 1 хүртэлх насны бүх хүүхдүүд эмчийн зөвлөсөн хэмжээгээр витамин Д – г өдөр бүр хэрэглэх. (ялангуяа эхийн сүүгээр хооллодог бол)

Д витамины хагас задралын хугацаа 14 хоног байдаг бөгөөд энэ нь бидний биед өнөөдөр орсон Д витамин 14 хоногийн дараа задарч дуусдаг гэсэн үг юм. Тиймээс бид хэрвээ нэмэлт бэлдмэлээр авч байгаа бол витаминаа өдөр бүр уух нь маш чухал. Мөн эрдэмтдийн зөвлөж буйгаар өдөр бүр тогтмол уух эсвэл долоо хоногийн тунг нэг удаа уух нь илүү үр нөлөөтэй бөгөөд өндөр тунтай витаминыг ганцхан удаа уух нь төдийлөн ашигтай байдаггүй байна.

 

 

Нийтлэсэн:

Лавлагаа мэдээллийн ажилтан: Б.Бүжинлхам