НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 2007 онд НҮБ-ын бүх гишүүн орнуудыг аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийг ойлгуулж таниулах арга хэмжээ авахыг уриалсан.
Үүнтэй холбогдуулан жил бүрийн 4 дүгээр сарын 2-ныг Аутизмыг таниулах дэлхийн өдөр болгон 2008 оноос тэмдэглэж ирсэн билээ.
Манай улс ч мөн адил энэ өдөр Аутизмыг Таниулах аян өрнүүлж, төрийн бус байгууллагуудтай хамтран сэтгэл судлал, боловсролын чиглэлээр суралцдаг оюутан, цэцэрлэг болон ЕБС-ийн багш нарт чиглэсэн аутизмын мэдлэгийг сайжруулж, чадварыг нь хөгжүүлэх чиглэлээр багагүй сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг хийхэд анхаарч, дэмжин ажилладаг.
Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг илүү ойлгож, дэмжих, хүлээн зөвшөөрөх зорилгоор ээлтэй, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртэх боломжийг сайжруулахыг уриалдаг.
Аутизм нь нийгмийн харилцаа болон бусадтай харилцах чадвар сул, аливаа өөрчлөлтөд тавгүйтэж хямардаг, давтагдмал, өвөрмөц зан үйлээр илэрдэг нийлмэл эмгэг юм. Аутизмын хүрээний эмгэг нь үндэс угсаа болон нийгэм эдийн засгийн бүхий л бүлэгт илэрдэг.
Аутизмын эмгэг нь хэл ярианы хөгжлийн хоцрогдол, баригдмал сэтгэлгээний хоцрогдол, нийгэмшихүйн хөгжлийн хоцрогдол зэрэг бэрхшээлээр илэрдэг тул эцэг эхчүүд энэхүү эмгэгийг эрт үед нь илрүүлж, мэргэжлийн хүмүүст хандсанаар хүүхдийг бие даан амьдрах чадвартай болгох бүрэн боломжтой юм.