Амьсгалын замын цочмог халдвар буюу Томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаатай Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч нар амралтын өдрөөр болон уртасгасан цагаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Налайх Эрүүл мэндийн төв батлагдсан 227 оронд 233 өвчтөн эмчлүүлж байгаагаас 107 хүүхэд хэвтэн эмчлэгдэж байна. Хүүхдийн эмнэлэг 50 ортой үйлчилгээ үзүүлдэг боловч хүүхдийн эмнэлэгт 74, дотрын 2 тасгийг хэсэгчлэн хааж, нэмэлтээр ор гарган 30 гаруй хүүхэд эмчлэгдэж байна.

Иймээс дүүргийн удирдлагуудын зүгээс Эрүүл мэндийн нэгдэлд 2 үе шаттай дэмжлэг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ ханиад нь томуугийн А хүрээний H1N1, N3N2 вирусийн гаралтай, тархалт өндөр, өвчлөлийн явц хурдан хүндрэх төлөвтэй байгаа учраас дүүргийн Засаг даргын захирамж гаргаж, утлагын аппаратны хошуувч (маск) 500 ширхэгийг олгосон бол, энэ цаг үед өндөр ачаалалтай ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдад зориулж, 400 ширхэг амин дэмийг тус тус олгож байна.

Өнөөдөр болсон эмч, эмнэлгийн ажилтнуудын шуурхай хуралд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр нар оролцож, ханиад томуугийн дэгдэлт өндөр, ачаалал ихтэй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууддаа урам өгч, утлагын аппаратны 500 ширхэг хошуувч (маск), 400 ширхэг амин дэмийг гардуулан өглөө. Эрүүл мэндийн нэгдэлд нэмэлтээр ор гаргаж боломжийн хэрээр хэвтэн эмчлүүлж байгаа ч хөнжил, гудас цагаан хэрэглэл дутагдалтай байгаа учраас дүүргийн удирдлагуудын зүгээс албан байгууллагуудад аян зарлан дэмжлэг үзүүлэхээр болсон гэдгийг Засаг даргын орлогч Х.Анхбаяр танилцуулсан юм. Амьсгалын замын цочмог халдвар буюу Томуу, томуу төст өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч болон булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинж тэмдгээр илэрснээр өвчлөл, хүндрэл үүсгэдэг. Иймд уг өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан энэхүү зөвлөмжийг хүргэж байна.

Ø Өвчлөхөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл, дархлааг сайн байлгах явдал юм. Тиймээс аминдэмээр баялаг, чанартай хоол хүнс болон жимс, жимсгэний шүүсийг тогтмол хэрэглэх, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх, ажил амралтаа зөв зохицуулах, хангалттай амрах шаардлагатай.
Ø Амьсгалын замын цочмог халдвар буюу томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.
Ø Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэн нөхцөлд малгай, ороолт, бээлий хэрэглэх, амны хаалт зүүх.
Ø Гараа тогтмол савандаж сайн угаах.
Ø Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөөнд агаарын бохирдол бага цагаар агаар оруулж, агаар сэлгэж байх, өдөр бүр тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх.
Ø Амьсгалын замын цочмог халдварын шинж тэмдэг илэрвэл харьяа Өрхийн эрүүл мэндийн төвд хандаж, эмчид үзүүлэх.
Ø Өвчилсөн тохиолдолд гэртээ байж эмчийн зөвлөсөн эмчилгээ, дэглэмийг мөрдөх хэрэгтэй. Цэцэрлэг, сургуулийн багш, эмч нар болон эцэг, эхчүүд өвчтэй хүүхдийг аль болох гэрт нь тусгаарлан эмчлэх нь өвчний эдгэрэлтэнд сайнаар нөлөөлөхөөс гадна бусад хүүхдэд амьсгалын замын цочмог халдвартархахаас сэргийлэх ач холбогдолтой.