Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы санаачилгаар Налайхын хүүхдүүд өнгөрсөн онд шинэхэн эмнэлэгтэй болсон. 5 сарын хугацаанд сүндэрлэн боссон 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орсноор хүүхдүүд ая тухтай орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авч байна.
БНХАУ-ын Энхтайван Найрамдлын сан, Хангарьд Улаанбаатар ТББ-аас хамтран хөрөнгө оруулалт хийж барьсан хүүхдийн эмнэлгийн нээлтийн үеэр БНХАУ-ын Энхтайван Найрамдлын сангаас тус эмнэлэгт 1 сая юаны тоног төхөөрөмж нийлүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Тус амлалт ийнхүү биеллээ олж, Налайхын 50 ортой хүүхдийн эмнэлэг иж бүрэн тоног төхөөрөмжтэй болж байна. Нярайн инкубатор, хагалгааны иж бүрэн тоног төхөөрөмж, нярайн шалгалтын фото аппарат, монитор, дуслын болон тарилгын автомат шахуурга, нярайн шарлалт хэмждэг багаж зэрэг нэн чухал шаардлагатай 201 ширхэг аппаратыг гардуулан өгөх ёслол өнөөдөр боллоо. Энэхүү үйл ажиллагаанд ЭМЯ-ны дэд сайд Л.Бямбасүрэн, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шин Хаймин, Хангарьд Улаанбаатар ТББ-ын тэргүүн Г.Ганбаяр, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, нийслэлийн ЭМГ-ын дарга н.Төмөрбаатар нарын хүндэт зочид оролцлоо. Одоогийн байдлаар тус эмнэлэгт 53 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Ашиглалтад орсон 10 сараас хойшх хугацаанд 1100 орчим хүүхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан бол, хүлээн авахаар 5000 орчим хүүхэд үзүүлсэн байна. Энэ ажилд сэтгэл гарган оролцсон бүх хүмүүст дүүргийнхээ хүүхэд, багачуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.