Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ сарын 08-ны өдөр хоёр дахь удаагаа Налайх Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Эрүүл мэндийн сайдын ажлын хэсэгт ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга Я.Амаржаргал, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, НЭМГ-ын Захиргаа, төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Г.Баянжаргал болон бусад албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажилалаа. 

Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал байгууллагын бүтэц, зохион байгуулалт, 2017 оноос хойш хийгдсэн ажлууд, засвар үйлчилгээ болон томоохон үйл ажиллагаа, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, гадаад харилцаа хамтын ажиллагаа, ЭМС-ын 02 дугаар албан даалгаврын дагуу бүх эмч, мэргэжилтнүүдийг дулаан хувцсаар ханган, ээлжинд хонож буй 33 эмч, сувилагч, асрагч, жолооч, слесарийг оройд халуун хоолоор хангаж байгаа тухай, мөн улсын хэмжээнд анх удаа Налайх дүүрэгт “Эрүүл шүд- Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд НЭМГ, дүүргийн ЗДТГ, Налайх ЭМТөв, Нийслэлийн ШЭНТөв хамтран “Шүд угаалтын аварга” шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион байгуулсан талаар болон дүүргийн ЕБ-ын 109 дүгээр сургуулийн сурагчдад амны хөндийн эрүүл ахуйн дадал олгон бүрэн эрүүлжүүлж, амны хөндийн өвчлөлгүй болгосон төдийгүй дараагийн сургуулийн хүүхдүүдийг эрүүлжүүлж эхэлсэн талаар мөн өнөөгийн тулгамдаж буй асуудлуудын талаар танилцууллаа.

Мөн Эрүүл мэндийн төвд тулгамдаж буй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төслийн хүрээнд хийгдэж байгаа ариутгалын болон лабораторийн тасгийн засвар үйлчилгээ удаашралтай байгааг, зам засвар эхэлсэнтэй холбоотой эмнэлэг хоорондын өвчтөн тээвэрлэлтэнд хүндрэл гарч байгаа тухай болон автомашины эвдрэл ихсэх хандлагатай байгаа зэргийг мэдээллэсэн юм. Түүний дараагаар ажлын хэсгийнхэн амбулатори, хүлээн авах, мэс засал, хүүхдийн тасгаар орж үйл ажиллагаатай танилцсан ба гемодиализ, хавдар, химийн эмчилгээний тусламж үйлчилгээтэй танилцаж, хэвтэн эмчлүүлэгчдээс эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар санал сэтгэгдлийг мөн сонслоо.

Эрүүл мэндийн яамны сайд Д.Сарангэрэл үйл ажиллагаатай танилцах үеэрээ 2017 онд шинээр ашиглалтанд орсон 50 ортой хүүхдийн эмнэлэг нь хүүхэд багачуудад ээлтэй орчныг бүрдүүлсэн төдийгүй тэдэнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжирсаныг чухалчилж, сайдын 02 албан даалгаврын биелэлт, ажилтнуудын хоол, унаа, дулаан хувцасны хангалт амжилттай сайн хэрэгжиж байгаа нь талархууштай байна гэж дүгнэв.

Мөн 2019-2023 онд хэрэгжих “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд анх удаа ЕБС-ийн 9-12 насны сурагчдын дунд зохион байгуулагдсан “ШҮД УГААЛТЫН АВАРГА” шалгаруулах тэмцээний талаар онцолж, тус тэмцээн Хүүхэд, өсвөр үеийнхэний эрүүл мэндэд оруулж буй хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалт төдийгүй насан туршийн дадал хэвшлийг олгож байгааг сайшаан, амны хөндийн өвчлөлийг бууруулахад их хувь нэмэр болсон тус тэмцээн цахим орчинд их талархал хүлээсэн үйл ажиллагаа гэдгийг цохон дурьдаж, тусгайлан баяр хүргэсэн юм. Тэрээр хөтөлбөр хэрэгжилт, шатлал хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа сайн байгааг дурьдан цаашид улам сайжруулан ажиллах шаардлагатай гэлээ.

Мөн сүүлийн жилүүдэд эхийн эндэгдэлгүй ажиллаж байгааг сайшаан цаашид хүүхдийн болон эхийн эндэгдэлгүй ажиллах, үндсэн үзүүлэлт, эмчилгээ үйлчилгээний чанарыг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай ба урьдчилан сэргийлэх үзлэгийг илүү сайжруулж, тогтмолжуулах сүрьеэ, тэмбүү өвчний чиглэлээр хийж байгаа ажлуудыг эрчимжүүлэн ажиллах талаар болон ЭМД-ын сангаас хөнгөлөгддөг хөнгөлттэй эмийн санхүүжилтийг ӨЭМТ-үүд сар бүр хуваарилагдсан төсөвтэйгээ уялдуулан хөнгөлттэй эмийг иргэдэд сард нь тэгш хуваарилан олгож байхыг үүрэг болголоо.

Тэрээр цааш нь хэлэхдээ эрүүл мэндийн ажилтны нийгмийн асуудлын зарим хэсгийг шийдвэрлэхэд олон талт хамтын ажиллагааны үр дүнд эмнэлгийн мэргэжилтний тэр дундаа эмч, сувилагч, түргэний машины жолооч нарын цалин, хөлс илүү нэмэгдсэн. Ирэх онд ч ахин нэмэгдэх боломжтойг, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эрүүл мэндийн ажилтнуудыг хямдралтай үнээр орон сууцжуулах, мөн түрээсийн орон сууцанд орох зарим онцгой тохиолдолууд болон шинээр бий болж байгаа боломжуудад Эрүүл мэндийн сайдын хувьд уламжлах, хамруулж өгөх боломж байгааг дуулган, Налайх дүүргийн алслагдсан хороо болох 6-р хороо буюу Тэрэлж хэсгийн эмнэлэгт түргэний машин, ЭМТ-ийн мэс заслыг өрөөнд нэн шаардлагатай байгаа C ARM рентген аппарат зэргийн зардлыг 2020 оны төсөвт тусган шийдвэрлэж өгөхөө мэдэгдэв.

Мөн Налайх дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн өргөтгөл шинэчлэлийн ажил болоод эмнэлгийн барилга байгууламжийг нэгтгэх 300 ортой шинэ эмнэлэг барих асуудлыг онцгой анхааран олон улсын байгууллагуудтай холбох, төсөл хөтөлбөрөөр шийдэх боломжтой эсэхийг судлая гэсэн юм. Ажлын хэсгийн гишүүн НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар: “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг санаачилсанд сайдад талархаж буйгаа илэрхийлэн өсвөр үеийнхэнд их ач холбогдолтой сургуулиараа шүдний өвчлөлгүй болж байгаа нь архаг болон суурь өвчлөлийг бууруулах их том ажлын эхлэл хэмээн үзэж, энэхүү ажлын хүрээнд Налайх Эрүүл мэндийн төв, Нийслэлийн Шүд эрүү нүүрний төвүүд хамтран зохион байгуулсан “Шүд угаалтын аварга” шалгаруулах анхдугаар тэмцээнийг цаашид орон даяар хэрэгжүүлэхээр болсон гэлээ.

Мөн алслагдсан дүүргүүдэд өндөр өртөгт мэс заслуудыг хийж эхэлсэн нь дүүргийн хэмжээнд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүд чадваржих, лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачаалалыг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтойг дуулган, цаашид энэ чиглэлийн тусламж үйлчилгээг зайлшгүй хөгжүүлэх шаардлага байгаа боловч эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт авч чадахгүй байгаа тул жагсаалтанд оруулж өгөхийг хүслээ.

Налайх эрүүл мэндийн төв нь дүүргийн 40000 орчим хүмүүст Эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ба 2018 оны жилийн эцсийн байдлаар 7441 хүнийг хэвтүүлэн эмчилж, 52440 ор хоног ашигласан, мөн 221463 хүнд амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлсэн ба 46924 лабораторийн шинжилгээг хийсэн. 2018 онд 715 эх төрж, 718 нярайг хүлээн авсан. Нийтдээ 336 эмч ажилтантай, 14 тасагтайгаар үйл ажиллагаагаа явуулж, ард иргэддээ үйлчилдэг юм.

Энэ үеэр ажил, мэргэжилдээ манлайлан, эрүүл мэндийн байгуулагад өөрийн хувь нэмрээ оруулан идэвх, зүтгэлтэй ажиллаж байгаа тэргүүний ажилтнуудыг салбарын хүндтэй шагналаар шагнаж урамшууллаа. Үүнд: 
1.ЭМЯ-ны Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр
– Амбулаторийн тасгийн Шүдний их эмч Ч.Батдэлгэр, 
– Хоол зүйн хэсгийн тогооч Б.Ундрал
2. ЭМЯ-ны “Жуух бичиг”-ээр 
– Нягтлан бодогч Г.Уянга
– Халдварт-сүрьеэгийн тасгийн сувилагч Б.Өлзийсүрэн
– Тэрэлж хэсгийн үйлчлэгч Т.Наранжаргал нар тус тус шагнагдлаа.

Мөн энэ үеэр эмч, сувилагч, албан хаагчид цалин, хөлсийг нэмэгдүүлсэн нь тэдний амьдралд маш их дэмжлэг болж буйг дурьдан нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд илүү анхаарал хандуулж, таатай орчинд ажиллах боломжийг бүрдүүлж байгаад нь талархаж байгаагаа уламжилсан юм.