Эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хүргэх, эмнэлэгт нас барах эрсдлийг бууруулах, эмч сувилагч нарыг чадваржуулах зэрэг зорилгоор бид Налайх ЭМТ-ийн зөвлөх эмч, УКНЭ-ийн ЯТНТ-ийн эрхлэгч С. Алтансүх эмчээр багц сургалт зохион байгууллаа. Гэнэт нас барсан тохиолдлуудыг судлахад хүндрэх ямар нэг шинж тэмдэг 75%  8-12 цагийн өмнө өгсөн байдгийг олон орны судлаачид илрүүлэн судалсан байна. Амь тэнссэн үеийн анагаах ухааны салбарт “эрт сэрэмжлүүлэх үнэлгээ” чухал ач холбогдолтойг  онцлоод байгаа юм.  Эрт сэрэмжлүүлэх үнэлгээг тусламж үйлчилгээний ялгаатай улс орнуудад, ЭМТҮний шатлал бүрт удирдамж болгон хэрэглэх бололцоотой бөгөөд энэхүү үнэлгээний аргыг Английн коллежийн  эмч нарын санаачлагаар 2007 онд олон төрлийн мэргэжлийн эмч нарын хамтарсан баг боловсруулан гаргажээ. Эмч нарт хүндэрч болох өвчтөнийг ялган таних, тасагт хэрхэн хянах, эмчлэхийг шийдэх эсвэл хүнд өвчтөнг өндөр хяналттай тасагт шилжүүлэх шийдвэр гаргах нь төвөгтэй байдаг. Үүнийг шийдэхэд ЭСҮ ашиглах боломжтой   Эрт сэрэмжлүүлэх үнэлгээний систем нь өвчтөнийг үнэхээр хүнд өвчтөн үү  үгүй юу гэдгийг тухайн нөхцөлд ялган таних юм. Энэ үнэлгээ нь үнэтэй биш мөн нарийн төвөгтэй багаж төхөөрөмж шаарддаггүй, дахин үнэлэх боломжтой зэргээрээ давуу талтай. ЭСҮ нь амин эрхтний хямралыг мэдрэгээр илэрхийлж үгдрэхээс нь өмнө илрүүлдэг учир  өвчтөний үнэлгээ, цаашдын эмчилгээний явцад эмнэлзүйн үнэлгээ, хяналт  болгон хэрэглэнэ. ЭСҮ-г тогтмол хэрэглэсний дүнд эмнэлгийн тусламж үйлчилгээний шуурхай байдал, чанарын хяналтыг сайжруулах, эмнэлзүйн эрсдэл хүндрэлээс сэргийлэх боломжтой.  ЭСҮ-г сувилагч хийх бөгөөд маш хялбар үнэлгээ юм. ЭСҮ-г өвчтөнийг эмнэлэгт ирэх үе, хэвтэх, шилжүүлэх үед хэрэглэж болно. ЭСҮ-г хүүхдийн, эх барихын, насанд хүрэгчдийн гэж ангилах бөгөөд тус үнэлгээг тооцохдоо ухаан санааны байдал, амьсгалын тоо, судасны лугшилтын тоо, агшилтын даралт, биеийн  хэм, хүчилтөрөгчийн сатураци зэрэг амин үзүүлэлтүүдээр үнэлдэг байна.

Эмч, сувилагч та бүхэн минь хүлээж авсан мэдээллээ улам баталгаажуулж, дэлгэрүүлж уншин, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшүүлэн ажиллаарай.