Өвдөхөөс нь өмнө биедээ анхаараагүй, өвдсөн хойноо бусдын буруу мэт эрүүл мэндээ хянуулах гэж ирэхдээ өөртөө цаг гаргалгүй уур бухимдалтайгаар эмнэлгийг зорих иргэд олширч байгаа нь харамсалтай.

Эрүүл мэндийн байгууллагын амбулаториор болон яаралтай, хүлээн авах тасгуудад өдөр, оройг үл харгалзан бодит амьдрал өрнөж байдаг. Тиймээс үйлчлүүлэгчийг ангилан эрэмблэж, нэн яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай байгаад нь түрүүлж тусламж үзүүлдэг ба хэн нэгэнд нь илүү ханддаг зүйл огт байдаггүй.

Гэвч үйлчлүүлэгчид яарч байгаагаа тоочиж, зөвхөн өөртөө анхаарал хандуулж, хурдан үйлчилгээ авах, хурдан үзүүлэх хүсэлтэй байдгийн улмаас үл ойлголцол бухимдал үүсдэг.
Тухайлбал, Энэ онд эмч, эмнэлгийн мэргэжилтнийг ажлын байранд ажлаа хийж байхад муухай үгээр дайрч доромжлох, цаашлаад биед нь хүрэх зэрэг 5 тохиолдол гарч, үйлчилгээ үзүүлсэн эмнэлгийн мэргэжилтэн хохирогч болж, эрсдэлд орсон. Эдгээр иргэдийн талаар Цагдаагийн байгууллагад гомдол гарган Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ тооцуулаад байна.

Мөн цахим орчинд санаатайгаар буруу ташаа мэдээ мэдээллийг нийтэлж, байгууллагын болоод ажилтны нэр төрд халдах сэдлийг бусдад түгээж байна. Улмаар энэхүү байдал нь даамжирч цахим орчинд эмнэлгийн болоод эмч, мэргэжилтнүүдийн нэр хүндэд халдах санаатай үйлдэл гаргаж байгаа нь ажлын байранд болоод цахим орчинд дарамт үүсгэж, нөгөө талаас эмч, мэргэжилтнүүд ч гэмт хэргийн хохирогч болж байгаа юм.

Хууль, дүрэм, журам, тангараг гээд олгосон эрх үүргийнхээ хүрээнд хуулийн зохицуулалттай байдаг тул дээрхи тохиолдол тухай бүрт хуулийн байгууллагад хандаж хариуцлага хүлээлгэдэг болохыг анхааруулж байна. Иймд иргэд, үйлчлүүлэгч та бүхнийг хуулийн хэрэгжилтийг хангаж, эмнэлгийн байгууллагаар соёлтой, хүлээцтэй үйлчлүүлнэ үү!

Тангараг өргөсөн эмнэлгийн мэргэжилтэн хариуцлагатай байх ёстой ч эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэгчид ч мөн Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль дүрэм, журам, түүнчлэн эмнэлгийн дотоод журмын дагуу үйлчлүүлэх нь зүй ёсны үүрэг юм.

Хэрэв ээ танд тус төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай холбоотой аливаа эмчилгээ үйлчилгээний болоод ёс зүйн алдаа зөрчил гаргасан нотлох баримттай үнэн зөв мэдээлэл байгаа бол байгууллагын албан ёсны пэйж хуудас /Налайх эрүүл мэндийн төв/, эмнэлгийн чанарын алба /88001647/, ёс зүйн хороонд /95109111/ хандах, эсвэл өөрийн биеэр болон бичгээр санал, гомдолоо гаргах эрхтэй. Бид таны гаргасан гомдол хүсэлтийг хянан шалгаж, хуулийн хугацаанд нь асуудлыг шийдвэрлэж хариу өгөх болно.

Эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэгч иргэн таныг:

– Үзүүлэх цагаа тогтоосон журмын дагуу авах мөн өөрийн зүгээс шаардлагатай бичиг баримтаа бүрэн бүрдүүлж, байгууллагын дотоод дүрэм, журмын дагуу үүрэг хариуцлагаа ухамсарлан бухимдалгүй, хүлээцтэй байж, бусдад хүндэтгэлтэй хандан үйлчлүүлэхийг хүсье.
– Мөн эмч, эмнэлгийн ажилтнуудыг худал үгээр дайрч доромжлох, нэр төрд нь халдахад хариуцлага хүлээлгэдэг хуулийн зохицуулалт байдаг тул гаргаж буй үг, үйлдэлээ хянах чадвартай байх үүнээс гадна санаатай болон санамсаргүйгээр бусдад буруу ташаа мэдээлэл түгээхээс татгалзахыг зөвлөж байна.