Сэтгэл зүйч, гэр бүл судлалын ухааны доктор, боловсролын тэргүүний ажилтан Г.Наранбаатар, Хүний их эмч, эрх зүйч, хууль зүйн ухааны доктор Б.Одгэрэл тэргүүтэй “Эерэг хандлага” багийнхан Налайх Эрүүл мэндийн төвд хүрэлцэн ирж, “Харах өнцгөө өөрчлөх нь” сэдэвт сонирхолтой лекцийг энэ сарын 5 ны өдөр амжилттай зохион байгууллаа. Сургалт өдөрлөгийг нээж Налайх ЭМТ-ийн дарга Л.Байгал үг хэлэхдээ хувь хүний үг үйлдэл болоод хандлага тухайн хүнийг тодорхойлж байдаг учир ажил дээрээ ч, гэр бүлдээ ч, хаана байгаа тэр л орчиндоо эерэг хандлагыг бий болгож, сайхан сэтгэгдлээр аливаад хандаж байхыг уриалсан юм. Тэрээр цааш үргэлжлүүлэн эмнэлгийн байгууллагад ажиллаж байгаа ажилтнууд тэр дундаа эмч хүн ямарч их ажилтай байсан өөрт хандаад, зориод ирсэн үйлчлүүлэгч рүүгээ хараад инээмсэглэн мэндэлж угтаад, сэтгэл зүйг нь дэмжиж итгэл найдвар төрүүлж байх нь юу юунаас илүү чухал эмчилгээ гэдгийг онцлон, эерэг хандлагыг өөрөөсөө эхлүүлэн давалгаалуулж байгаагаа энэ үеэр илэрхийллээ.

Тус үйл ажиллагааны хүрээнд Сэтгэл зүйч, гэр бүл судлалын ухааны доктор, боловсролын тэргүүний ажилтан Г.Наранбаатар “Эерэг хандлага, ач холбогдол”, “Өөртөө итгэлтэй байдал”, “Харах өнцгөө өөрчлөх нь” сэдвүүдээр тулгамдаж байгаа асуудлуудад үндэслэж хэрхэн эерэгээр шийдвэрлэж болох талаар зааж зөвлөн, эерэг харилцаа, хандлага талархалыг бий болгож, хүнд ажиллах эрч, урам зориг нэмж, ололт амжилтаа нэмэгдүүлэх гол хүчин зүйл гэдгийг дурьдаж, Нийгэмд эерэг хандлагыг төлөвшүүлэх дэлгэрүүлэх, гэр бүл, найз нөхөд ажлын хамт олныхоо дунд эерэг харилцааг бий болгож, түгээдэг хүн нь та өөрөө байж болохыг зөвлөсөн юм. Харин Хүний их эмч, эрх зүйч, хууль зүйн ухааны доктор Б.Одгэрэл “Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүй”, “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудал” сэдвүүдээр жишээнд суурилан холбож тайлбарласан нь тунч сонирхолтой байсан ба сургамжуудад үндэслэн сургалтаа үргэлжлүүлсэн нь танхимд хуран цугласан хүн бүрт мэдлэг, мэдээлэлээ нэмэгдүүлэхээс гадна инээд баясал бэлэглэсэн, хөгжөөнт дасгал хөдөлгөөнөөр идэвхижсэн үр дүнтэй, өгөөжтэй өдөрлөг болж өндөрлөлөө. Аливаа үйл явдалд хүний эелдэг харилцаа, итгэл үнэмшил, эерэг хандлага нь хариу үйлдлээр илэрч, маш их бүтээмж бий болгодог төдийгүй үр дүн ч мөн адил эерэг байна.

Мөн харилцан бие биенээ хүндлэх хамт олны сайхан уур амьсгал бий болгодог ба багаар ажиллаж сурсан хүн илүү их амжилтанд хүрч, илүү их хөгждөгийг чухалчилсан нь хүн бүрт нэгийг бодогдуулсан сургалт боллоо. Оюунаа цэнэглэж, ухаанаа нэмэгдүүлсэн тус сургалт, өдөрлөгийн үйл ажиллагаатай хамтатган байгууллагадаа эерэг хандлагыг түгээх зорилгоор зохион байгуулж байгаа “Харилцаа хандлага, үйлдэл нь хөгжлийн эхлэл” аяны нээлт болж, ажил болоод амьдралдаа эерэг хандлагыг түгээхээр тасаг бүрийн төлөөллүүд оролцлоо. Эерэг хандлага багийхан энэхүү арга хэмжээг Олон улсын #гэр бүлийн өдрийг тохиолдуулан сарын хугацаанд зохион байгуулж байгаа бөгөөд 167 эрүүл мэндийн байгууллага хүсэлт ирүүлснээс 30 эрүүл мэндийн байгууллагыг сонгон “#Эерэг #хандлага” сургалт, өдөрлөг зохион байгуулж байгаа аж. Оюуны их хөрөнгө оруулалт хийн үнэтэй зөвлөгөө өгсөн багш нартаа талархал илэрхийлж, зорьсон үйлс бүхэнд нь их амжилтыг хүсье. Инээмсэглэл эерэг хандлагыг бий болгодог. Хандлагаа өөрчилж, бүтээмжээ ахиулцгаая.