Бид анагаахын шинжлэх ухааны суурь мэдэгдэхүүнийг эзэмшихийн тулд 6 жил сураад, энэ хугацааны талаас илүүтэй нь тэнцэх хугацаанд улам илүү лавшруулж сурсны дараа ажлын байранд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрдэг. Ингэж удаан сурдаг ч гэлээ “Анагаах” хэмээх их далайд дөнгөж сэлүүр хэрэглэх аргаа л олж мэдсэнтэй адил байдаг билээ. Тиймээс ч орчин үеийн нотолгоонд суурилсан анагаах ухаантай хөл нийлүүлэн алхах ганц арга нь тасралтгүй суралцах, сурснаа бататгах, нэг нэгэндээ үлгэрлэн дуурайх юм. Уншаад, цээжлээд, мартаад үлдсэн жаахан хэсгийг нь мэдлэг гэнэ гэж Albert Einsein хэлсэн байдаг. Тэгвэл бид ажлын байран дээрээ эмнэлзүйн тохиолдолд суурилсан checklist буюу шалгах хуудас аргаар ажилчдынхаа мэдлэгийг бататгаж, магадгүй олон өдрүүдийн нэгэнд түр мартагдчихсан байгаа зарим мэдлэгийг нь эргэн сануулах, тасралтгүй сурах их үйлсэд нь ташуур болох, эргээд амьдралд тохиолдоход бэлэн байхад бэлтгэх үүднээс 2018 оны 10 сард Эмнэлзүйн тохиолдолд суурилсан өртөөчилсөн шалгалтыг эмнэлэг даяар зохион байгуулах гэж байна. Checklist гэдэг нь анх нисэхийн салбарт хүний ой санамж болон оюун ухааны төвлөрөлтийн байдлаас шалтгаалан гарсан алдаа эндэгдлийг бууруулах зорилгоор бүтээгдсэн бичгэн заавар үйлдлийн дараалал юм. Тухайн үед 1000н нислэг хийсэн туршлагатай нисгэгч ч ноцтой алдаа гаргадаг байсан тул үүнийг ашиглаж эхэлтэл итгэмээргүй ахиц гарч алдаа эндэгдэл өндөр хувьтай буурсан байдаг бөгөөд үүнийг Harvard medical university-н профессор, ерөнхий болон булчирхайн мэс заслын эмч Atul Gawande мэс заслын салбарт амжилттай ашигласан байдаг. Гол зорилго бид энийг эхлээд уншина дараа нь тэмдэглэх маягаар дагаж мөрддөг байна.