Салбар, байгууллага бүр онцлогтой, ажилтан бүр өөрийн гүйцэтгэх үүрэгтэй. Хөндлөнгөөс харсан бүхэнд нь бусдын ажил амархан харагддаг нь нууц биш.
Тиймээс Налайх ЭМТ-ийн Хүүхдийн тасгийн хамт олон өөрсдийн ажил, мэргэжлийн онцлог болоод ачааллыг таниулах, сурталчлах зорилгоор “Хишиг өдөр” үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.
Хүүхдийн тасагт Хүний нөөцийн менежер Л.Гэрэлтуяа хөтөч ажилтнаар ажиллаж, эргэлт зохицуулалт, өвчний түүх наах, ирсэн хүүхдүүдийг эрэмбэлэн ангилах ажлыг, Эмчилгээ, чанарын менежер Ж.Түмэндэлгэр хүүхдийн эмчээр ажиллаж, хүлээн авахаар ирсэн хүүхдүүдэд үзлэг хийж, тусламж үйлчилгээ үзүүлэн, тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийг үзэж зөвлөгөө өгсөн бол Сувилахуйн албаны арга зүйч Э.Доржханд өдрийн сувилагчаар ажиллаж хэвтэн эмчлүүлэгчдэд эмчилгээ хийх, эм тараах зэрэг ажлуудыг тус тус хийж гүйцэтгэсэн байна.

Энэ удаагийн өдөрлөгөөр тасгийн өдөр тутмын үйл ажиллагаа, ачаалал, ажлын байрны оновчтой зохион байгуулалтын зураглал, ажлын чиг үүргийн давхцлыг хянан, үйлчилгээний чанар хүртээмжтэй биечлэн танилцсанаараа онцлог байлаа.