Налайх Эрүүл мэндийн төв, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуультай хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлын хүрээнд Сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд тусламж үйлчилгээний чанар, ёс зүй, харилцаа хандлагыг нь сайжруулах зорилгоор “Эмнэлгийн мэргэжилтний харилцаа, хандлага” сургалтыг энэ сарын 06-ны өдөр зохион байгууллаа. Тус үйл ажиллагааг Налайх ЭМТ-ийн Стратеги төлөвлөлт, гадаад харилцаа хариуцсан орлогч дарга С.Манатбек нээж, оролцогчдод амжилт хүслээ. Сургалтыг АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Суурь сувилахуйн тэнхимийн эрхлэгч, удирдахуйн ухааны доктор Ж.Мөнхханд онолын үүднээс болон амьдрал дээр нь тулгамдаж байгаа асуудлуудад үндэслэж хэрхэн эерэгээр шийдвэрлэж болох талаар зааж зөвлөсөн бөгөөд Инээмсэглэл эерэг хандлага-ёс зүйг эрхэмлэцгээе уриан дор сувилагч тусгай мэргэжилтэн нийт 61 хүн хамрагдсан байна. Хувь хүний эелдэг харилцаа, итгэл үнэмшил, харилцан бие биенээ хүндлэх, эмнэлгийн мэргэжилтний бусдыг сонсох чадваруудыг олгож, нэг нь нийтийн төлөө нийт нь нэгнийхээ төлөө гэсэн чин эрмэлзэлтэй ажиллавал аливаа асуудлыг шийдвэрлэж, хамт олны сайхан уур амьсгал бий болдог талаар ярьсан нь хүн бүрт нэгийг бодогдуулсан сургалт боллоо. Мөн Харилцаа хандлага сайн бол иргэд талархдаг, урам өгдөг болсныг, ололт амжилтаа нэмэгдүүлэхэд, харилцаа хандлага, үйлдэл нь хөгжлийн эхлэл гэдгийг онцоллоо. Оюуны их хөрөнгө оруулалт хийн үнэтэй зөвлөгөө өгсөн АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Суурь сувилахуйн тэнхимийн эрхлэгч, удирдахуйн ухааны доктор Ж.Мөнхханд багшдаа талархал илэрхийлж, сайн сайхныг хүсье.