Манай улс жил бүрийн хавар, намрын улиралд “Дархлаажуулалтын 10 хоног“-ийг зохион байгуулдаг билээ. Энэ хаврын ээлжит 10 хоногийг Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/207 дугаар тушаалаар “Улаанбурхан өвчинд цэг тавья” уриан дор зохион байгуулахаар шийдвэрлэж, 10-18 насны хүүхдүүдийг Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулж эхлээд байгаа.

Энэхүү Дархлаажуулалтын 10 хоногийн нээлтийн үйл ажиллагаа 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн Үндэсний лаборатори 119 дүгээр сургуульд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Налайх Эрүүл мэндийн төвийн Дотоод хяналтын ажилтан Б.Тунгалаг, Үндэсний лаборатори 119 дүгээр сургуулийн захирал Ж.Батцэцэг нар оролцож үг хэллээ. Нээлтэнд тус сургуулийн авъяаслаг сурагч хүүхдүүд үе тэнгийхэн болон ах эгч нараа дархлаажуулалтандаа идэвхтэй хамрагдахыг уриалан дуу бүжгийн дээжээсээ толилуулж, Улаанбурхан өвчинд цэг тавихад нэгдлээ. Мөн нээлтийн үеэр хүүхдүүдэд тус вакциныг хийлгэснээр гарах үр дүн, ач холбогдол, өөрийнх нь болон нийт хүн амын дархлаа нэмэгдэж улаанбурхан өвчний дэгдэлт гарахаас сэргийлэх талаар мэдээлэл өгч, зорилтот насны хүүхдүүдийг анги хамт олноороо вакциндаа идэвхитэй хамрагдахыг уриалсан юм.