Өнөөдөр коронавирусийн 15 дахь тохиолдол Монгол улсад бүртгэгдлээ. Цаашдаа ч энэ тоо хэдэн зуу, хэдэн мянга болон нэмэгдэхийг хэн ч мэдэх боломжгүй.
Гэвч монголчууд бид амралтын өдрүүдэд наадамлаж буй мэт л олноор цугларч, гадуур хэсэх нь ихсэж байгааг энэ 2 өдрийн авто машин, зорчигчийн хөдөлгөөний урсгалаас болон асуумжны хариултын амрахаар, салхинд гарахаар, холдохгүй ээ, зүгээр л гэх хэнэггүйхэн хариултуудаас харж болох юм.
Байгаль дэлхий дулаарч, нар ээсэн өдрүүдэд хэн ч гэртээ байж байхыг хүсэхгүй нь мэдээж. Гэхдээ энэ жилийн хувьд маш онцлог жил болж байгааг бид хэдийнээ мартаж. Гарлаа гэхэд хаашаа явж салхилахаа зөв тооцоолохгүй бол амралтын газар, голын эргээр иргэдийн цугларалт маш их үүсч байна.
Мөн байрны гадаа шөнө дөл хүртэл хүүхдүүд тоглож, залуус бөөнөөрөө цугларах нь ихсэжээ. Цаг агаар дулаан байгаатай холбоотойгоор амны хаалтгүй хүүхдүүд, хүмүүс ч олширсон байгааг бид зөрөх хүнээс анзаарч болох тул хэн нэгнээс хамааралтай эрүүл мэндийнхээ төлөө өөрийгөө хамгаалах цаашлаад бусдад зөв шаардлага тавих нь зүйтэй болоод байна.
Бусад оронтой харьцуулахад одоогоор бид харин ч хоригдож үзээгүй байна. Хамгийн таатай, хориг багатай байгаа ч урьд жилүүдтэй адил байх боломжгүй цаг үе гэдгийг иргэд маань ойлгож, хариуцлагатай байгаасай гэж хичээнгүйлэн хүсэх байна.
Дэлхийн хэмжээнд 210 гаруй улсад коронавирус аль хэдийнээ тархаж, халдварласан хүний тоо 1 саяас хол давж, хэдэн мянган хүн энэ аюулт өвчнөөс болж амь насаа алдаж байгааг бид өдөр бүр ЭМЯ-ны мэдээнээс илхэн харж байгаа.
Ямар их аюул биднийг алдаа гаргахыг тосоод хүлээж байгааг бид мартах ёсгүй. Тэр үед тэнгэр заяандаа ч найдахад оройтсон байх вий гэхээс өнөөдөр айна.
Манай улс хэдийгээр БНХАУ-аас үүдсэн халдварын давалгаанаас тэсч үлдэж, бүгд хичээж, хамгаалж чадсан ч одоо Европ, Америкийн давалгаанд өртөх эрсдэл өндөр байхад анхааралаа сулруулж, үл тоож, дасал болсон мэт байх ёсгүй.
Учир нь манайд батлагдаад байгаа одоогийн бараг бүх тохиолдол тэндээс зөөвөрлөгдөн орж ирсээр байгааг бид үл тоож болохгүй.
Мөн коронавирусийн хоёр дахь давалгааны оргил үе нь 04-р сар, үргэлжлэл нь 05-р сар гэж олон улсад зарлаад байгааг ЭМЯ болон ЭМСайд урьдчилан мэдэгдээд байгаа.
Одоо эрсдэл улам ихэсч, улам л бидэнд ойртоод байна. Тэгэхээр энэ халдварын шинж чанар, хор нөлөө, хоруу чанар тэр олон мянган хүний эрдэнэт амь авч одохоор байгааг бид харж ойлгох цаг болсон.
Энэ л үед хүн тус бүр, илүү их хичээж, анхаарал болгоомжоо бүү сулруулаач, баримтлах ёстой дэглэмээ ягштал мөрдөж, илүү хариуцлагатай байгаач, цаг агаар дулаарах нь халдварын дэгдэлтийг нэмэгдүүлэх талтайг хүн бүр бодолцооч гэж та бүхэндээ АНХААРУУЛЖ байна.
Энэ бол өөрийгөө болон өрөөлийг бага ч гэсэн эрсдэлээс хамгаалах таны сэтгэл зүтгэл байх болно. Та төр засгийнхаа шийдвэрийг хэрэгжүүлж, үүргээ биелүүлдэг Монгол улсын хариуцлагатай иргэн байхыг ямагт хичээгээрэй.
Хэдэн сарын турш өөрийн эрүүл мэнд, гэр бүл, үр хүүхдээ үл хайхран 24 цагаар ээлжлэн ажиллаж буй тэр олон албан хаагчдын хичээл, зүтгэлийг талаар болгохгүйн төлөө, улс орныхоо аюулгүй байдал, амгалан тайван байдлын төлөө
ДЭЛХИЙ НИЙТЭД АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БУЙ ЭНЭ ТАХЛААС ХАМТДАА ТЭВЧЭЭРТЭЙ, ХАРИУЦЛАГАТАЙГААР СЭРГИЙЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА ИРГЭДЭЭ!!!

НАЛАЙХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ