Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Сүрьеэгийн тасагт 3 орчим сая төгрөгний үнэ бүхий зүйлийг гардуулан өглөө.
Нийгмийн хариуцлагын хүрээнд Ундралбуд ХХК, Чандмань Эрхүүд ХХК-ийн төлөөлөл болж Д.Цэрэндулам, У.Ганхөлөг, С.Нарангарав, Ч.Өнөболд нар эсгий гудас, зузаан хөнжил, цагаан хэрэглэл, дэр зэрэг 3 сая төгрөгний үнийн дүн бүхий иж бүрэн ор дэрний хэрэглэлийг эмч, сувилагчдад хүлээлгэн өглөө. Тус үйл ажиллагаанд Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл нар оролцон, талархлаа илэрхийлсэн юм. Налайх дүүргийн ЭМН-ийн Сүрьеэгийн тасгийн эрхлэгч эмч н.Мэндбаяр хэлэхдээ: “Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг. Та бүхэн хамгийн чухал цэгт ирсэнд баяртай байна. Сүрьеэгийн өвчлөл их өндөр хувийг эзэлдэг. Энэ өвчнөөр өвчилсөн хүн их удаан хугацаанд эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтэх шаардлагатай байдаг. Гэхдээ зөвхөн эмчилгээнээс гадна сэтгэлзүйн эмчилгээ хамгийн чухал байдаг. Эрсдэлтэй хэсэг учраас манайхаар тэр бүр зочид ирэх нь ховор. Нийгмийн хариуцлагын хүрээнд сайхан сэтгэл гаргаж өнөөдөр бидэнд нэн хэрэгцээтэй байгаа хөнжил, гудас, дэр гэхчлэн иж бүрэн ор дэрний хэрэглэлийг хүлээлгэн өгч байгаад эмч, сувилагчдынхаа өмнөөс талархлаа илэрхийлье. Та бүхний ажил үйлст амжилт хүсье” гэв. Дашрамд дурдахад “Ундралбуд”, “Чандмань Эрхүүд” ХХК-иудын зүгээс нийгмийн сайн сайхны тусын тулд сайн үйлсийн аяныг хамтран өрнүүлдэг байна. Дүүргийн удирдлагуудын санал болгосны дагуу өнөөдөр Налайхын ЭМН-ийн сүрьеэгийн тасагт ийнхүү сэтгэлийн дэм олголоо хэмээн Ундралбуд ХХК-ийн захирал Д.Цэрэндулам хэлсэн юм. Хамгийн чухал баялаг болсон эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийсэн “Ундралбуд”, “Чандмань Эрхүүд” ХХК-ийн хамт олонд талархлаа илэрхийлж, ажлын амжилт хүсэн ерөөе.