“Иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зогсож, бүх чадлаараа хичээнгүйлэн ажиллаж байгаа эмнэлгийн эмч, мэргэжилтэн та бүхэнд юуны өмнө ажлын амжилт хүсье. Иргэдээс ч эмч мэргэжилтнүүдийн харилцаа хандлага сайжирч, эмнэлгийн тусламж үйлчилгээ нэмэгдэж, хүний нөөцийн мэдлэг чадвар дээшилж байгааг хэлж, талархах болсон байна. Нэг шинжилгээ өгөхийн тулд хот руу явдаг байсан асуудал байхгүй болж тоног төхөөрөмжийн асуудлууд шийдвэрлэгдэж байгаад талархалтай байна. Ямар ч цаг үед эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээг цаг алдалгүй авдаг байх нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө Нийслэлээс онцгой анхаарал хандуулан ажиллаж байгааг энд онцлон хэлье. Мөн эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломж нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө анхаарч байна. Налайх эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа сүүлийн 3 жилд бүр илүү сайжирч, гадна дотно өнгө үзэмж, тоног төхөөрөмжүүд нэмэгдэж тэр дундаа хамгийн хэрэгцээ шаардлагатай байсан ЭХО, рентгений аппаратууд шийдэгдсэн, түргэн тусламжийн автомашинууд парк шинэчлэл хийгдсэн, гадаад харилцаа хамтын ажиллагаа нь өргөжин эмч мэргэжилтнүүдийг сургах, чадваржуулах илүү анхаарч, тусламж үйлчилгээнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж байгаа зэрэг олон эерэг сайхан өөрчлөлтүүд гарч байгаа. Энэ бүхнийг хамтдаа хийж бүтээж байгаа эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд иргэдийнхээ эрүүл энхийг сахин хамгаалах их үйлсэд амжилт хүсье” хэмээв.

/Нийслэлийн Засаг даргын явуулын өрөө Налайх дүүрэгт ажиллах үед дүүргийн иргэд, Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдтэй уулзах үеэр хэлсэн үгнээс/