Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр болон Засгийн газрын нөөц хөрөнгөөс нийт 2.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий орчин үеийн зөөврийн дижитал рентген аппаратыг өнөөдөр /2020.02.22/ ЭМБ-уудад гардуулж өглөө.

БНСУ-д үйлдвэрлэгдсэн өндөр хүчин чадалтай тус рентген аппаратыг ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар зэрэг эрүүл мэндийн салбарын удирдлагууд гардуулж өгсөн бөгөөд Налайх Эрүүл мэндийн төвөөс гадна ХӨСҮТ болон нийслэл, орон нутгийн зарим ЭМБ-уудад ч мөн өгсөн байна.

Энэхүү аппаратыг шинэ коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30, 48 дугаар тогтоолын дагуу, мөн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн түвшинд сүрьеэгийн оношилгооны чадавхийг нэмэгдүүлж, дижитал рентген аппаратаар үе шаттай хангах” зорилтын хүрээнд нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад олгож байгаа аж.

Эрүүл мэндийн байгууллагуудыг зөөврийн дижитал рентген аппаратаар хангаснаар тухайн эмнэлгийн оношилгооны чадавхи, тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэх төдийгүй амьсгалын замын халдварт өвчин, томуу, томуу төст өвчин, шинэ төрлийн титэмт вирусын оношилгоог цаг алдалгүй хийх, сэжигтэй тохиолдолд тусгаарлан хяналт, тандалт хийж буй үйлчлүүлэгчийг тухайн байршилд нь оношилгоонд хамруулж, халдвар тархах эрсдлийг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.