БНСУ-д төвтэй Рафаэл Интернэйшнл ТББ-ын сайн дурын үзлэгийн багийнхан 4-р сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Налайх дүүргийн Амбултори дээр 2018 оны анхны Сайн дурын үзлэгээ хийлээ. Сайн дурын үзлэгийн багт Бүтээлч эмч нарын нэгдлийн гишүүн эмч нар, Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Улсын Хоёрдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Энэрэл эмнэлэг, Вүмэн кэйр эмэгтэйчүүдийн эмнэлэг, Чүнелми шүдний эмнэлэгийн 15 нарийн мэргэжлийн эмч нар нэгдсэн бөгөөд Налайх дүүргийн 4-р хорооны иргэдийг хүүхдийн мэс засал, зүрх судас, ерөнхий мэс засал, эмэгтэйчүүд, дотор, урологи, хавдар, дотоод шүүрэл, нүдний чиглэлээр үзлэг оношлогоонд хамруулж, шүдний урьдчилсан үзлэг, зөвлөгөө өгч байна. Мөн зүрхний бичлэг, дотор, судас, эмэгтэйчүүдийн хэт авиан оношлогоо, мазокийн үнэ төлбөргүй шинжилгээг хийж шаардлагатай өвчтөнүүдэд хэрэгцээт эмийг үнэ төлбөргүй олгож байгаа юм. Рафаэл Интернэйшнл ТББ нь 2007 оноос Монгол Улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зохион байгуулах, эмч мэргэжилтнүүдийг чадваржуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд сайн дурын эмч нарын багийг бүрдүүлэхээр идэвхтэй ажиллаж байна. Монгол Улсын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр жил бүр гадаадаас хэдэн арван эмч мэргэжилтнүүд ирдэг. Гэвч эмнэлгийн тусламж үйлчилгээ хэрэгтэй байгаа иргэдэд тэр бүр хүрч үйлчилж чаддаггүй. Харин Монголдоо сайн дурын эмч нарын багтай болсноор алслагдсан хөдөө орон нутгийн иргэд болон эмзэг бүлгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх боломжтой болохоос гадна эмч нар бие биенээсээ харилцан суралцах, хамтран ажиллах, нөхөрлөх сайхан боломж бүрдэж байгаа юм. Энэ удаагийн сайн дурын үзлэгийг зохион байгуулах нөхцөл бололцоог бүрэн хангаж өгсөн Налайх дүүргийн ЭМТөвийнхөн, ерөнхий зохион байгуулагч Рафаэл Интернэйшл байгууллагын ажилтан, хамтран зохион байгуулсан Бүтээлч эмч нарын нэгдлийн эмч нар болон бусад эмч нарт Налайх дүүргийн иргэд баярласан талархсанаа илэрхийлсээр байна.