Энэ удаагийн “Гэрт хүрч үйлчилье” эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийн хүрээнд дүүргийн хэлмэгдсэн иргэдийн судалгаанд бүртгэлтэй хэвтрийн иргэдэд хүрч үйлчиллээ.

Тус үйл ажиллагааг Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, Налайхын Эрүүл мэндийн төв хамтран 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулж, 7-р хорооны иргэн өндөр настан Сэрээтэрийн ЧОГЖМАА /81 настай/, 2-р хорооны иргэн, өндөр настан Совдын БАНЗРАГЧ /81 настай/, Базарын ДАШ /90 настай/, 4-р хорооны иргэн, өндөр настан Бейсэмбайн ЛАКАШ /83 настай/, Буханбайн КУЛЬЖАМИШ /88 настай/ нарын 5 иргэнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг хийлээ.

Тодруулбал дотрын эмчийн үзлэг, дүрс оношилгоо, зүрхний цахилгаан бичлэг, мөн цус, биохимийн шинжилгээнүүдийг хийж, өндөр настнууд болон тэдний гэр бүлийнхэнд нь асаргаа сувилгааны зөвлөгөө мэдээллийг өгөхийн зэрэгцээ, эмчилгээ шаардлагатай 2 иргэнийг өдрийн эмчилгээнд хамруулахаар болсон байна.

Дашрамд сонирхуулахад Улс төрийн хэлмэгдүүлэлтийн эхлэл нь 1933 онд гарсан Лхүмбийн хэрэг байсан гэж үздэг. Харин 82 жилийн өмнө буюу 1937 оны есдүгээр сарын 10-ны өдрийн баривчилгаанаар Монгол Улсын түүхэнд хар толбо болж үлдсэн “Их хэлмэгдүүлэлт” эхэлсэн байна. Их хэлмэгдүүлэлтэд Монголын 60 гаруй мянган нэрт сэхээтэн, эрдэмтэн, лам, энгийн олон иргэд үрэгдсэн байдаг. 1990 оны зургаадугаар сарын 20-нд хилс хэрэгт хэлмэгдэгсдииг цагаатгах ажилд зохих комисс томилогдон ажиллаж байгаа бөгөөд 1996 оны есдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн жил бүрийн энэхүү өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдөр” болгон тэмдэглэдэг болжээ.
Их хэлмэгдэлтэнд өртөн амь нас, эрүүл мэндээрээ хохирч, ажил амьдралаа алдсан эдгээр олон мянган иргэний хохирлыг юугаар ч нөхөж чадахгүй. Энэ бол монгол үндэстэнд учирсан асар том гарз хохирол байсан гэж үздэг байна.