Эх хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах, хүүхдэд ээлтэй эрүүл аюулгүй тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор “Нярайн эмгэг судлалын хэсэг”-ийг шинээр байгуулах нээлтийн үйл ажиллагаа 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Налайх эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал болон албаны зочид төлөөлөгчид оролцлоо.

 

Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт нээгдсэн “Нярайн эмгэг судлалын хэсэг”-т 0-28 хоног хүртэлх нярай хүүхдийг хүлээн авч, эмчлэх юм.
Нийт 6 ор бүхий тус хэсэгт бэлтгэгдсэн нярайн их эмч-1, нярайн сувилагч-4 асрагч-4 гэсэн нийт 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр бяцхан иргэдээ хүлээн авч, эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэхээр зорьж байна. Манай төв нь 2017 онд 50 ортой хүүхдийн шинэ эмнэлэгтэй болж, жилдээ 2000 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлдгийн 10 орчим хувийг 28 хоног хүртэлх эмчилгээтэй нярай хүүхэд эзэлж байна. Тус хэсэг нээгдсэнээр нярайн эмгэгийг эрт үед нь илрүүлэх, цаг алдалгүй эмчлэх, эцэг, эхчүүдэд чирэгдэл үүсгэхгүй байх, нийслэл рүү явах хөдөлгөөнийг бууруулах буюу лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачааллыг багасгах, нярайд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Нээлтийн үеэр “JCI Улаанбаатар” олон улсын байгууллага, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгтэй хамтран хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох багаж, хиймэл амьсгалын төхөөрөмж зэрэг хүүхдийн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай зарим нэр төрлийн багаж, хэрэгсэлийг гардуулж өглөө.