Налайх ЭМТ-ийн Амбулаторийн тасгийн Чийрэгжүүлэлтийн кабинетын арга зүйч эмч Б.Казанбай өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас одон”-гоор энгэрээ мялаалаа.
Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд тасралтгүй 36 жил зүтгэж, хамт олноо болон ард иргэдийг манлайлан хөдөлгөөн, эрүүл мэндийн ач холбогдлыг таниулан сурталчилж, хий бясалгал, дасгал хөдөлгөөн, биеийн хэлбэрийн шүлэглэл зэрэг биеийн тамирыг хөгжүүлэхэд шинэлэг олон талт ажлыг санаачлан ажилласныг, мөн түүний дүүрэг, нийслэл, ОУ-ын чанартай гүйлтийн уралдаан, тэмцээнд үзүүлсэн олон амжилтыг үнэлсэн тус шагналыг ЭМСайд С.Энхболд гардуулж өглөө.
Олон нийтийг идэвхтэй хөдөлгөөнд уриалж, иргэдийг биеийн тамирын энгийн дасгал болох алхалт, гүйлтээр хичээллэх, эрүүл амьдралын зөв дадлыг хэвшүүлэхэд манлайлдаг Б.Казанбай эмчдээ хамт олныхоо нэрийн өмнөөс баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.