УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон бусад албаны төлөөлөл өчигдөр Налайх ЭМТ-д ажиллаж, өнөөгийн байдал, үйл ажиллагаатай газар дээр нь танилцахын зэрэгцээ Ковид-19 халдварын бэлэн байдал авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй биечлэн танилцлаа.
Налайх ЭМТ-ийн сүүлийн жилүүдэд хийгдсэн томоохон үйл ажиллагаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тусламж үйлчилгээний талаар болоод цаашид хийж хэрэгжүүлэх зорилтуудын талаар Налайх ЭМТ-ийн дарга Л.Байгал танилцууллаа. Түүний дараагаар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй цахимаар уулзаж, гүйцэтгэлийн санхүүжилт болон шинээр нэмэлт өөрчлөлт орж байгаа хуулиудын талаар, мөн нэг худалдан авагчийн зарчим up to date platform нэвтрүүлж, ажиллаж байгааг талаар улам сайжруулах хурдан нэвтрүүлэх чиглэлээр тэдэнтэй ярилцаж, асуултад нь хариулсан юм.
Энэ үеэрээ Налайх ЭМТ-д нэн түрүүнд шаардлагатай байгаа хэд хэдэн томоохон тулгамдсан асуудлуудыг нэн даруй шийдвэрлэхээр боллоо. Тухайлбал, эхний ээлжийн Ковид-19 халдварын илрүүлэх шинжилгээнд хамрагдсан иргэдийн сорьцыг хот руу зөөвөрлөн хариу гарах хүртэл их хугацаа зарцуулж байгаа тул ПСР шинжилгээний төвийг байгуулж, иж бүрэн тоног төхөөрөмжөөр бүрэн хангах нь зүйтэй, үүний тулд урсгалын зураг гарган, өрөө тасалгааг бэлтгэх, ажиллах хүний нөөцийг бэлтгэх, бэлэн байдлыг хангах үүрэг өглөө.
Хоёрт. Өмнөх онд амласанчлан энэ хагас жилдээ багтаан Ходоодны дурангийн аппарат, болон дурангийн мэс заслын тоног төхөөрөмж, компьютер оношлогооны аппаратыг шийдвэрлэж өгөх тул ашиглалтад оруулах,
Гуравт. Сэргээн засах, уламжлалт эмчилгээний төв байгуулах нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалт хийх,
Дөрөвт. Эрүүл мэндийг дэмжих эрүүл зүйн үзлэгийн төв байгуулах 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус энэ оны эхний улиралд багтаан шийдвэрлэхээ илэрхийллээ.
Мөн БЗД болон СХД-т баригдсантай ижил жишиг эрүүл мэндийн төвийг байгуулах зэрэг томоохон хөрөнгө оруулалтын асуудлыг 2021 оны эхний хагас жилдээ багтаан шийдвэрлэнэ гэв.
Цаашид ч ЭМБ, хамт олны дэмжин ажиллах болно гэдгээ хэлж, хүний нөөцийн мэдлэг боловсролыг байнга дээшлүүлж, сургалт хөгжлөө тасралтгүй нэмэгдүүлэхийн зэрэгцээ ёс зүй харилцаа хандлагад илүү анхаарч иргэдэд хүрэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллахыг зөвлөхийн зэрэгцээ эмч, эмнэлгийн ажилтнуудаа халдвараас хамгаалж, халдварт өртөхгүй байх, өөрсдийгөө халдвараас хамгаалан ажиллахыг уриалсан юм.
Дашрамд дурьдахад 2017 онд одоогийн УИХ-ын гишүүн С.Амарсайханы санаачлагаар иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдсан, гадна, дотно бүх тохижилт хийгдсэн 50 ортой хүүхдийн шинэ эмнэлэг баригдаж ашиглалтад орсон. Тэр үеэс эхлэн Налайхын хүүхэд багачууд томуу, томуу төст өвчний үед газраар ор дэлгэдэг хэцүүхэн үеэс ангижирсан нь ирээдүй болсон үрсийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалахын төлөөх хамгийн том хөрөнгө оруулалт байсан.
ЭМТ-ийг шинэчлэн хөгжүүлэхэд байнга хөрөнгө оруулалт хийж, асуудлуудыг шийдвэрлэн иргэдийнхээ эрүүл мэндийг тэргүүлэх чиглэл болгон хамтран ажилладагт Налайхын ЭМТ-ийнхөн төдийгүй, ард иргэд ч ихэд талархууштай ханддагийг онцлоод эрүүл мэндийн салбарт хийгдэж буй эрс шинэчлэл, эерэг өөрчлөлтүүдийн эхлэл иргэдэд ээлтэй бодит үр дүнгүүд гарч байгаад УИХ-ын гишүүн болон ЭМС-даа талархал илэрхийлье.