51-р долоо хоногийн мэдээгээр улсын хэмжээнд амбулаториор 196,745 хүн үйлчлүүлсний 11.1% (21,774)-ийг томуу, томуу төст өвчин эзэлж, улсын хэмжээний дэгдэлтийн түвшинд хүрлээ. Хүн амын дунд томуугийн В вирүстэй зэрэгцэн амьсгалын замын синциталь вирүс, бокавирүс, риновирүс, короновирүс тус тус байна.

Харин Налайх дүүргийн хувьд амбулаторийн нийт үзлэгийн 4.7 хувийг томуугийн өвчлөл эзэлж байгаа бол 0-4 насны хүүхдийн өвчлөл 78,3 хувь байна. Хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 59 хүүхдийн 55 буюу 93,2 хувь нь амьсгалын замын халдвараар өвдөн эмчлэгдэж байна.

Иймд Амьсгалын замын синциталь вирүс нь өндөр настай хүмүүс болон бага насны хүүхдүүд, ялангуяа 6-аас доош сартай нярай хүүхдүүдэд хүндрэл илүү үзүүлдэг тул эцэг, эх асран хамгаалагч нар бага насны хүүхдийн асаргаа, сувилгаанд онцгой анхаарч, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг сайн дагаж томуу томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдвараас сэргийлнэ үү!

Иргэд та бүхэн улирлын томуугийн үед
👉Олон нийтийн газраар явах үедээ амны хаалт зүүж хэвших,
👉0-5 насны хүүхдээ гадуур дагуулж явахгүй байх,
👉Дархлаагаа дэмжин амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэж, халуун бүлээн шингэн сайн уухыг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд зөвлөж байна.

Мөн иргэд та бүхэн эмнэлгээр үйлчлүүлэхдээ хүлээцтэй соёлтой байж, амны хаалтаа зүүн, ханиад томуу хүрсэн тохиолдолд дур мэдэн эм хэрэглэлгүйгээр цаг алдалгүй харъяа өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаарай.