Налайх дүүрэгт нийт 6 тохиолдол бүртгэгдээд байсан. Сүүлд батлагдсан нэг гэр бүлийн 2 хүний ойрын хавьтлуудаас
ахин 3 хүний хариу эерэг гарлаа. Урьд нь батлагдсан дээрх гэр бүлийн хүмүүсийн хувьд БЗД-ийн 6-р хороонд Наркологийн эмнэлэгт эмчлэгдэж байсан иргэн халдвар авсны улмаас байранд нь хорио тогтоох үед тусгаарлалтаас зугтаж, Налайх дүүрэгт ирсэн бөгөөд сүүлийн 14 хоногийн хугацаанд олон айлд зочилж, Очир, Наран, Хангай дэлгүүрүүд, Баянгийн бүрд зах, Хаан банк…зэрэг олон газруудаар явсан төдийгүй хот, Налайхын хооронд ажилдаа өглөө, оройд автобусаар ирж, очиж байсан өгүүлэмжтэй байсан юм.
Хэдийгээр халдвар батлагдсан өдрөөс эхлэн дүүргийн шуурхай штаб, ЭМТ, бусад мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллаж тандалт, судалгааг хийж, ойрын болон дам хавьтлыг тогтоож тусгаарласан ч цаашид ахин хэдэн тохиолдол нэмэгдэхийг мэдэх боломжгүй байгаа юм.
Өнөөдөр мэдээлэгдсэн 3 тохиолдлуудын
хоёрыг цэргийн төв эмнэлэгт тээвэрлэн хүргээд байгаа ба нэг тохиолдол нь зочид буудалд тусгаарлагдаж байсан хавьтлуудаас илэрсэн байна. Тэдгээрийн тандалтын судалгааг хийж ойрын хавьтал болох 94 хүнийг тогтоон буудалд болоод гэрт нь тусгаарлаад байгаа бол дам хавьтлуудыг тогтоох судалгаа хийгдэж, тандалтын багийн шинжилгээ үргэлжилсээр байна.
МУ-д төдийгүй Налайх дүүрэгт бүртгэгдээд байгаа тохиолдлуудаас харахад халдвар нь найз нөхөд, ажлын хамт олон болон гэр бүлийн хүрээнд хурдацтай тархаж байгаа нь харагдаж юм.
Иймээс хэн ч халдвартай байж болзошгүй энэ цаг үед та бүхэн аль болох гадуур явахгүй байх, хувийн болон гэр бүлийн ариун цэвэр, халдвар хамгааллыг ягштал баримтлахыг ахин сануулж байна.
ХҮН БҮХЭН ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЦГААЯ