УРИАЛГАД
Монгол улсын Засгийн газраас хатуу хөл хориог дахин 5 хоног сунгах шийдвэр гарч, Улаанбаатар хот болон бусад газруудад голомт үүсээд байгаатай холбогдуулан халдваруудыг хумихаар улс, нийслэлийн онцгой комисс өдөр шөнөгүй ажиллаж байгааг та бид харж байна.
Налайх дүүргийн онцгой комиссын зүгээс дүүрэг, орон нутгийнхаа онцлог давуу байдлыг харгалзан үзэж мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу иргэд, оршин суугчдынхаа эрүүл аюулгүй байдлыг хангах, хүндрэл чирэгдэл үүсгэхгүй байхад чиглэсэн зөв шийдвэрүүдийг аль болох шуурхай гаргаж, иргэдийнхээ эрүүл аюулгүй амьдрах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулахаар олон ажлыг бид хийж байна.
Энэ бүх ажлуудын үр дүнд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд манай Налайх дүүрэг халдваргүй бүс болж Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс үүсэлтэй Ковид-19 цар тахлын голомтын ойрын хавьтлаас илэрсэн 2 тохиолдлоос өөр халдваргүй байгаа нь та бидний хамтын үйл ажиллагааны бодит үр дүн юм.
Монгол улсын Засгийн газраас гарч буй хөл хориог сунгаж байгаа шийдвэрт иргэд та бүхэн хүлээцтэй хандаж, цар тахалтай бүтэн жилийн турш цуцашгүй эр зоригоор тэмцэж буй дүүргийн Эрүүл мэндийн төв, Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, бусад төрийн үйлчилгээний байгууллагуудын ажилтан албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэн, тэдэнд хүндэтгэлтэй хандаж цар тахлын энэхүү хүнд хэцүү цаг үеийг хамтын хүчээр даван туулахыг нийт иргэд, оршин суугчид та бүхэндээ уриалж байна.
Монгол улсын гал голомт болсон Уурхайчин овогт Налайх дүүргээ эрүүл, аюулгүй, цар тахалгүй байлгах үүрэг, хариуцлага танд, надад, та бидэнд бий. Маскаа сайтар зүүн гараа ариутгаж, ариутгал халдваргүйтгэл хийлгэн шаардлагагүй үед гэрээсээ гарахгүй байж хайртай гэр бүлээ хамгаалцгаая!

БҮГДЭЭРЭЭ ХИЧЭЭЦГЭЭЕ!!!