Налайх дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр зүүн чиглэлийн авто замд байрлах дүүргийн 5 дугаар хорооны Элстэйн Зуун мод пост, 4 дүгээр зөрлөгийн постуудад тус тус “Ковид-19” халдварын хяналт тандалтын баг бүрэлдэхүүн энэ сарын 11-ны өдрөөс эхлэн ахин ажиллаж эхэллээ.
Пост тус бүрт дүүргийн Цагдаа, Онцгой, Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын хэлтсийн 12-14 хүний бүрэлдэхүүнтэй албан хаагчдаас бүрдсэн баг 24 цагаар үүрэг гүйцэтгэж, иргэдийн халууныг хэмжиж, бүртгэл хийн, орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах, эрүүл мэндийн хяналт тандалт хийх ажлыг жигдрүүлээд байна.
Иймд иргэд та бүхнийг зүүн чиглэлийн авто замд байрлах 5 дугаар хорооны Элстэйн Зуун мод пост, 4 дүгээр зөрлөгийн постоор дамжин өнгөрөхдөө албан хаагчдын шаардлагыг биелүүлж, амны хаалтаа байнга зүүж, асуултанд бүрэн гүйцэд үнэн зөв хариулах, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдад хүндэтгэлтэй хандахыг анхааруулахын зэрэгцээ онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна.
Цаашид ч энэ цар тахлын халдвар намжих бус аюул улам нэмэгдэж болзошгүй байгааг ахин сануулж хариуцлагатай, хүлээцтэй, зохион байгуулалттайгаар ЭМБ-аас өгч буй заавар зөвлөмжийг хэрэгжүүлж, хамтдаа цар тахлаас сэргийлэхийг уриалж байна.
ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХЭД ТАНЫ, МИНИЙ ОРОЛЦОО, ХАМТЫН ХАРИУЦЛАГА ХАМГИЙН ЧУХАЛ