Налайх дүүргийн Хүүхдийн холбооны сурагчид өнөөдөр Налайх Эрүүл мэндийн төвд зочиллоо. Эдгээр хүүхдүүд Налайх ЭМТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагын багтай уулзан “Хүүхдээ сонсох өдөр”-ийн хүрээнд дүүргийн хүүхдүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын талаар ирүүлсэн санал хүсэлтийг уламжилж, ярилцахаар хүрэлцэн ирсэн юм.

Тэднийг Налайх ЭМТ-ийн дарга Л.Байгал, ЭМТҮХОрлогч Л.Ариунаа, СТГХХОрлогч С.Манатбек, ХНАДарга Р.Тунгалагтоль нар хүлээн авч уулзан, байгууллагын үүсэл хөгжил, бүтэц зохион байгуулалт болоод томоохон бүтээн байгуулалтуудыг танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонсон, харилцан яриа өрнүүллээ.

Тус холбоо нь 2007 оноос шинэчлэгдэн дүүргийн 9-12 ангийн хүүхдүүдийн төлөөлөл 35 гишүүнтэй, 3 албаны зохион байгуулалтаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд сурагчдаас тэдэнд ирүүлсэн санал, хүсэлтийг ийнхүү уламжиллаа.

Тухайлбал сургуулийн эмч нарыг ажлын 8 цагаар ажиллуулах, эмнэлэгт үзүүлэх цагийн зохицуулалтыг хийх, ЯТТ-ийн дуудлагын удаж ирдэг шалгаан, гэрийн нөхцөлд өвчнийг хэрхэн эмчлэх, ӨЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдийн харилцаа хандлагыг сайжруулах, халдварт өвчтэй хүнтэй хэрхэн харилцах, шүдний өвчлөлийг бага хугацаанд эмчлүүлэх зэрэг дэвшүүлсэн 11 асуултанд холбогдох хариултуудыг зөвлөгөө, мэдээллийн хамт өгсөн юм.

Энэ хүрээнд ЯТТ-ийн 103-ын дуудлагын шалтгаан, нөхцөл, үр дүнгүй дуудлагын уршигаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хэвийн явуулахад саад учируулдаг учир шалтгааныг илүү тодотгон тайлбарласан төдийгүй бусдад ч дамжуулж өгөхийг хүслээ.

Мөн ЭМТ-ийн дарга Л.Байгал тэдэнд хандан дараах 3 зүйлийг тусгайлан захисан юм.
1. Хүүхэд бүр жилд 1-2 удаа ЭМ-ийн урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдаж, эмийг зөвхөн эмчийн зааврын дагуу ууж, хэрэглэж байх, эрүүл мэнддээ хариуцлагатай ханддаг иргэн болж төлөвшихийг
2. Эрүүл байх нь шүдээ тогтмол угаахаас, дулаан хувцаслаж, нойр хоолоо зөв тохируулахаас эхлэдгийг
3. Ирээдүйн эзэд та бүхэн эмнэлэгт болон дүүрэгтээ бий болж буй бүтээн байгуулалтуудыг илүү хайрлан хамгаалахыг ялангуяа үе тэнгийнхэн болон гэр бүлийнхэндээ энэхүү мэдээллүүдийг дамжуулахыг хүсэхийн зэрэгцээ өнөөдрөөс эхлэн хичээж, сайн мэргэжилтнүүд болж, дүүрэгтээ болоод улс эх орондоо их зүйлийг хийж бүтээгээрэй” хэмээн сурлагын өндөр амжилт хүслээ.

Уулзалтын зорилгын хүрээнд 2 тал доорхи хүсэлтийг гаргалаа
Сурагчдын холбооны зүгээс
1.Өсвөр насны хүүхдүүдийн бие физиологийн онцлог, нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалтыг хүйсээр ангилан зохион байгуулж өгөх
2.Эрүүл мэндийн багш нарыг илүү чадваржуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн бол
Налайх ЭМТ-ийн зүгээс хүн болж төрөх тэр л агшинаас эмч, эмнэлгийн мэргэжилтний ажил мэргэжлийн онцлог, тус дэмийг хүртдэг, цаашлаад эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааг ойлгох эхлэл болох учир сурагчдыг “Хүйн ээжтэйгээ танилцах” чаллэнж өрнүүлэх саналуудыг тус тус гаргалаа.

Уулзалтын төгсгөлд холбооны төлөөлөл “Манай дүүрэг “Хүүхдэд ээлтэй дүүрэг” энэ хүрээнд хүүхдүүдийн Эрүүл мэндийн чиглэлээр олон ажлууд хийгдэж байгаад маш их баяртай байна. Түүнчлэн хүүхдийн шинэ эмнэлэгтэй болж, томуу, томуу төст өвчний үед ор хүлээх шаардлагагүй эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай авч чаддаг, хүндрэх аюулгүй эмчлэгддэг болсонд их баяртай байгаа. Мөн бидний буруу ойлголтыг залруулж өгсөнд баярлалаа” гэв.