Налайх ЭМТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн хамт олон “Дэлхийн дутуу төрөлтөөс сэргийлэх өдөр”-ийн хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг нь өнөөдрийн энэхүү сургалт өдөрлөг юм.

Тус өдөрлөгөөр хүүхдийн тасаг болон бусад тасгуудад хэвтэн эмчлүүлж буй эцэг эхчүүдэд мөн амбулаториор үйлчлүүлж буй асран хамгаалагч нарт эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахад ээлтэй орчныг бүрдүүлэхээр энэ зун шинээр нээсэн Эмгэг нярайн хэсгийг танилцуулж, “Дутуу нярайн асаргаа сувилгаа”, “Хөхөөр хооллолт”, “Имж эх асаргаа” зэрэг сэдвүүдийн хүрээнд онол, дадлагын хосолсон сургалтыг зохион байгуулсан нь ихэд сонирхолтой болж өндөрлөлөө.

Уг сургалтанд ӨЭМТ-үүдийн болон ЭМТ-ийн эмч, сувилагч нарын төлөөлөл 60 мэргэжилтнийг мөн хамруулж, мэдлэг мэдээлэл олгосон юм.

Дутуу төрөлтөөс урьдчилан сэргийлэх, дутуу төрсөн нярайд үзүүлэх эрүүл мэндийн, нийгмийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилго бүхий тус үйл ажиллагааг
NESTLE компани хамтран зохион байгууллаа.

Дашрамд дурьдахад Дэлхийн дутуу төрөгсдийн өдрийг олон улсад жил бүрийн 11 сарын 17-ны өдөр тэмдэглэдэг бол Монгол улс энэхүү өдрийг 2012 оноос эхлэн тэмдэглэдэг болж, олон талт үйл ажиллагаа зохион байгуулдаг байна.

Манай улсад нийт төрөлтийн 7 хувь нь дутуу төрдөг бөгөөд нярайн эндэгдлийн 65-70 хувийг дутуу төрсөн буюу бага жинтэй нярай эзэлдэг гэсэн тоо баримт байна.