Дүүргийн онцгой комиссын мэдээллийн дагуу хавьтлын тандалт судалгааны баг 2020.12.21-ний өдрийн 14 цагаас эхлэн дүүргийн Бүс нуур, Алтай, Нисэх, Дэнжийн хэсэг мөн 42, 46, 50 байрнуудын 13 айл, өрхийн 24 хүнд тандалт хийж, PCR шинжилгээг хийн, ХӨСҮТ-д даруй тээвэрлэн хүргэсэн.
Өнөөдрийн байдлаар албан ёсны шинжилгээний хариу СӨРӨГ гарсан 3 айлын гаднах цагдаа, онцгойгийн албан хаагчдын хамгаалалтыг буулгаж, хорооны засаг дарга, хэсгийн ахлагч, нийгмийн ажилтан, өрхийн эмчийн хяналтанд үлдээлээ.
Мөн хоёр дахь өдрийн дам хавьтал 38 хүнийг илрүүлэн, тандалт хийж шинжилгээг өчигдөр авч дуусган ХӨСҮТ-д тээвэрлэн хүргээд байгаа бөгөөд хариу нь маргааш гарах юм.
Ойрын болон дам хавьтлыг бүрэн тогтоогоод байгаа бөгөөд бүгд гэрийн хяналтад тусгаарлагдаад байна. Эдгээр иргэдэд халдвараас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл олгож, 271 мк талбайд ариутгал хийх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Харин автобус буюу нийтийн тээврийн хавьтлыг тогтоож дуусаагүй байна. Иймд иргэд та бүхэн 2020.12.16-ны өдрийн 06:30-07:30 цагийн хооронд Налайхаас Офицеруудын ордон, мөн өдрийн 16:10-17:00 цагийн хооронд Офицеруудын ордноос Налайх чиглэлд автобусаар зорчсон бол 99046019, 99094763 дугааруудад холбогдож, үнэн зөв мэдээллийг даруй өгөхийг хүсэж байна.
Цагдаагийн байгууллагаас автобусны камер шүүж иргэдийг таньж, тодруулж байгаа боловч зарим иргэд танигдахгүй байх, цаг хугацаа алдах магадлалтай тул энэхүү ажлыг эрчимжүүлэх зорилгоор эдгээр бүх зорчигч иргэдийг дээрх утсаар холбогдохыг анхааруулж байна.
Бүх бүртгэл хийгдсэний дараа шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа ба энэ талаар эргэн мэдээллэх болно.
Халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж, амны хаалтаа байнга хэрэглэн, гараа ариутгахыг Налайхчууддаа уриалж байна.