Тус эмнэлгийн захирал Ph.Dr Ju Hyun Wu 4 эмч, мэргэжилтний хамт 5 өдрийн турш Налайх Эрүүл мэндийн төвд ажиллаж, мэс засал, гэмтлийн эмч нартай хамтарсан үзлэг, хагалгааг үнэ төлбөргүй хийлээ.

Дүүргийн 30 орчим иргэдэд үзлэг оношилгоог хийснээс гадна дунд чөмөгний хадаас авах, хөлийн хурууны гажиг засал, буглаганы ясны хуурамч үе устгах, ялтас шургаар бэхлэх зэрэг гэмтлийн болон төрөлхийн үений гаж гэмтэлтэй 17-33 насны гурван иргэнийг сонгон хагалгааг амжилттай гардан хийхэд зөвлөж, хамтарч ажилалаа. Уг хагалгааны хоёр нь өмнө нь хийгдэж байгаагүй аж.

Энэхүү ажил нь Налайх Эрүүл мэндийн төвийн дарга болон “Ulsan City Hospital” эмнэлгийн дарга нарын 2018 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хийгдэж байгаа бөгөөд гэмтлийн эмч Б.Энхтөр, мэс заслын тасгийн ахлах сувилагч Х.Бат-Оюун нар өмнөх онд тус эмнэлэгт очиж, туршлага судлаж, мэдлэг чадвараа нэмэгдүүлэхээр дагалдсан багшийн нарын хамт хийж байгаагаараа онцлог юм.

Тус хамтарсан үзлэг хагалгааны гол зорилго нь Ulsan City Hospital эмнэлэг болон БНСУ-ын эрүүл мэндийн салбартай хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, туршлага солилцох, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургах ажлыг үр дүнтэй зохион байгуулахад оршиж буй юм.

Хамтын ажиллагаагаа өргөжүүлж энэ оны сүүлээр хоёр эмч, нэг сувилагчийн хамт мэргэжил дээшлүүлэх сургалтанд явахын зэрэгцээ хоёр талдаа төрөлхийн түнхний мултрал гэх оноштой дүүргийн иргэн Алинааг дагуулан явж тус эмнэлэгт үнэ төлбөргүй хагалгаа хийхээр шийдвэрлэн, хоёр тал бэлтгэл ажлыг хангахаар тогтсон байна.

Энэ хүрээнд Мэс заслын тасгийн үйл ажиллагаа, тулгамдаж байгаа асуудлуудтай танилцаж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар зөвшилцсөн бөгөөд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөнд чухал санал солилцсоноороо үр дүнтэй боллоо.