Налайх ЭМТ-ийн Яаралтай тусламжаар буюу хүлээн авахаар 22-27 өдрүүдэд 184 хүн ирж, эмнэлгийн яаралтай тусламж авсан байна. Тэдгээр үйлчлүүлэгчдийн өвчлөлийн бүтцээр үзвэл:
Зүрх судасны өвчлөл 22.8%, хоол боловсруулах замын өвчлөл 9.2%, гэмтэл болон мэс заслын шалтгаантай өвчлөл 42.9%, мэдрэлийн өвчлөл 5.4%, бөөр шээс ялгаруулах замын өвчлөл 1.6%, архины хордлого 2.7 хувь, амьсгалын замын өвчин 2.1 хувь, бусад шалтгаант өвчлөл 14 хувийг эзлэж байна.
Эдгээр хүмүүсээс 23 хүн яаралтайгаар өвчний түүх нээлгэн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол тархины цочмог харвалтын улмаас 2 иргэн эрчимт эмчилгээнд орж, үргэлжлүүлэн тусламж үйлчилгээг авч байна.
Нийт иргэд, үйлчлүүлэгчдээ хандан уриалахад 103-ын дуудлагаар хүнд өвчтөн ирэхэд дараалал харгалзахгүй эрэмбээр тусламж үйлчилгээг үзүүлэх журамтай байдаг.
Иймд нэн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх тохиолдолд ирсэн дарааллын дагуу үзлэг хийхийг шаардах, насилктай өвчтөнг зөөвөрлөн оруулах үед бусад үйлчлүүлэгчдийн ар гэрийнхэн нь оруулахгүй, зам тавьж өгөхгүй гэж уурлах, мөн эмнэлэг рүү оруулах хаалганы урд хувийн машинаа тавьж, саад учруулах зэрэг нь амь тэнссэн өвчтөнд цаг алдалгүй яаралтай тусламжийг үзүүлэхэд хүндрэл учруулж байгаа тул иргэд та бүхнийг аливаа нөхцөлд хүлээцтэй, ухамсартай, хүндэтгэлтэй хандахыг уриалж байна.

Цаг минуттай уралдан хүний амь насыг аврах тэр хоромд таны оролцоо ч мөн их чухал шүү.