АШУҮИС, тус сургуулийн төгсөгчдийн холбоо болон Налайх Эрүүл мэндийн төв хамтран 4 дөх жилдээ зохион байгуулж буй “Багш шавийн эрдмийн уулзалт” арга хэмжээ өнгөрсөн амралтын өдрүүдэд Налайх дүүргийн Соёл урлагын ордонд амжилттай болж өндөрлөлөө.

Энэ жилийн багш шавийн уулзалтын профессоруудтай хийх уулзалтанд урилгаар МУ-ын гавьяат багш, АШУҮИС-ийн Био Анагаахын сургуулийн биологийн тэнхимийн багш, АУ-ны доктор, профессор А.Гүрбадам, АШУҮИС-ийн Био Анагаахын сургуулийн захирал, төгсөгчдийн холбооны тэргүүн, АУ-ны доктор, дэд профессор Ц.Түвшинжаргал, АШУҮИС-ийн сургалтын бодлого зохицуулалтын газрын төгсөлтийн өмнөх сургалтын албаны дарга, АУ-ны доктор С.Оюунцэцэг, АШУҮИС-ийн АУС-ийн Эх барих эмэгтэйчүүдийн судлалын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор Г.Мэндсайхан нар хүрэлцэн ирсэн байна.

Уулзалтын хөтөлбөрийн хүрээнд АШУҮИС-ийн төгсөлтийн холбооны болон тус сургуулийн сургалтын бодлого төлөвлөлт, Налайх ЭМТ-ийн үйл ажиллагааны талаар танилцуулсны дараагаар АШУҮИС-ийн АУС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн багш, АУ-ны доктор П.Хэрлэн, ХӨСҮТ-ийн Халдвартын эмч АУ-ны магистр н.Энхжаргал, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн багш боловсролын ухааны доктор Г.Ганхуяг, АШУҮИС-ийн мэргэжил дээшлүүлэх институтийн ахлах арга зүйч, АУ-ны магистр Д.Энхтуяа нар “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй-Ёс суртахууны зарим асуудлууд”, “Эх барихын тусламж үйлчилгээ”, ХӨЦМ, “БЗДХӨ талаар”, “Сувилахуйн үнэлгээ, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал” сэдвүүдээр эрүүл мэндийн боловсрол олгох арга зүйн сургалтуудыг заалаа.

Мөн тус арга хэмжээний үеэр АШУҮИС-ийн багш нар ЭМТ-ийн үйл ажиллагаатай танилцан үе үеийн төгсөгчдийнхөө болоод манай хамт олны хийж, бүтээж байгаа ажил, үйлс, ололт, амжилтыг сайшааж, шавь нар нь багш нарынхаа урмын үг, магтаалаар дүүрэн үргэлжилсэн тус уулзалтад 100 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцсон бөгөөд хийж бүтээх эрч хүч нэмсэн, урамшсан, сэтгэл дүүрэн уулзалт боллоо.

Уг үйл ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн салбарт тэр дундаа Налайх дүүрэгт олон жил үр бүтээлтэй ажиллаж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хичээнгүйлэн ажилладаг эмч, мэргэжилтнүүдийн төлөөллийг салбарын болон АШУҮИС-ийн шагналаар шагнаж, урамшуулсан юм. Үүнд:
“Клиникийн профессор” цолоор Амбулаторийн тасгийн Дотрын их эмч Ц.Гомбо,
АШУҮИС-ийн Төгсөгчдийн холбооны тэргүүн дээд шагнал “Эрдэнийн очир ” шагналаар Халдвартын тасгийн эрхлэгч Б.Хадбилэг,
“Алтан гагнуур” шагналаар СТГХХОДарга С.Манатбек нар,
ЭМЯ-ны “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Хүүхдийн тасгийн сувилагч Э.Долгор, Халдвартын тасгийн сувилагч С.Мөнгөнцэцэг нар тус тус шагнагдаж энгэрээ мялаалаа.