Олон улсын сувилагчдын өдрийг угтан Налайх, Багануур, Багахангай дүүргийн сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн дунд “Амь тэнссэн үеийн үнэлгээ болон сувилахуйн тусламж” гардан ажилбарын ур чадварын уралдаан энэ сарын 28-ны ням гаригт Багануур дүүрэгт амжилттай болж өндөрлөлөө. Тус уралдаанд нийт 16 баг оролцон 6 төрлөөр өрсөлдөж,

1-р байранд Багануур ЭМТ-ийн “Нялхас” баг,
2-р байранд Налайх ЭМТ-ийн “Эрүүл амьдрал” баг,
3-р байранд Багануур ЭМТ-ийн “Манлайлагч” баг,
Тусгай байранд Багануур сувилал ХХК-ийн “Энх цагийн сувилагчид” баг, Багануур ӨЭМТ-ийн “Зүрх зогсохгүй” багууд тус тус байр эзлэж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Энэхүү уралдаан нь амилуулах ба лавшруулсан суурь тусламж үзүүлэх, зүрх зогсож амь тэнссэн үед үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангах, тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, сувилахуйн гардан үйлдэл, мэдлэг чадварыг дээшлүүлэх, дадлагажуулах зорилготой зохион байгуулагдсан юм.

Уралдааныг Багануур дүүргийн Засаг дарга ивээн тэтгэн Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан бөгөөд тус тэмцээнээр сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, амь тэнссэн үед багаар ажиллах чадварт суралцан, харилцан туршлага солилцсоноороо ач холбогдолтой болж өндөрлөлөө.

Уралдаанд НЭМГ-н Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын ахлах мэргэжилтэн Э.Энхжаргал, Сувилахуйн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Сонгиносүрэн, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн С.Тунгалаг, Сүхбаатар, Хан-Уул, Энэрэл эмнэлэг, Түргэн тусламжийн төв, Хонхор тосгоны чанарын болон сувилахуйн албаны дарга нар болон холбогдох байгууллагуудын удирдлагууд урилгаар оролцсон байна.

 

Уралдаанд оролцсон нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ баяр хүргэж, ажил үйлст нь их амжилт хүсье.