Өнөөдрийн байдлаар Налайх дүүрэг томуугийн эсрэг дархлаажуулалтад нийт зорилтот бүлгийнхээ 75 хувийг хамруулаад байна.

Ес дөх өдрөө үргэлжилж буй дархлаажуулалтын 10 хоногийн аян маргаашаар дуусгавар болох тул амралтын өдрөөр Налайх ЭМТ-ийн Амбулторийн тасгийн Дархлаажуулалтын кабинет 12.00-17.00 цаг хүртэл ажиллах бол “Амь-Эрдэнэ” ӨЭМТ 09.00-14.00, “Нарны-Эрч” ӨЭМТ 09.00-13.00, “Суврага Налайх ӨЭМТ 11.00-15.00, “Ачлал Налайх” ӨЭМТ 10.00-15.00 цаг хүртэл тус тус ажиллах юм.
Томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах нь улирлын томуугийн хүндрэлээс сэргийлэх өндөр үр дүнтэй арга учир 2-10 насны цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд, 6 сартайгаас 10 хүртэлх насны цэцэрлэг, сургуульд хамрагдаагүй хүүхэд, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг суурь өвчтэй иргэд та бүхнийг дүүргийн ЭМТ-д болон харьяа ӨЭМТ-дөө хандан томуугийн вакциндаа амжиж хамрагдахыг уриалж байна.
Мөн та гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, цэвэр агаар оруулахаас гадна гарын ариун цэврийн дэглэмийг сайтар сахиж, илчлэг сайтай хоол хүнс, амин дэмээр баялаг аарц, чацарганы шүүс зэргийг хэрэглэж заншсанаар гэр бүл, үр хүүхдээ амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл өсч бойжих нөхцөл бололцоог нь хангаж буй хэрэг юм.